• MN
  • EN
  • CN
  • RU
  • Жижиг, дунд үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ сурталчилна
    05/15/2019

    МҮХАҮТ-аас ХХААХҮЯ, Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацийн газартай хамтран “Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлчилгээ, технологи-2019” олон улсын үзэсгэлэн худалдааг  2019 оны 5 дугаар сарын 16-19-нд “Мишээл Экспо” төвд  зохион байгуулах гэж байна.

    Энэ талаар МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн, НШУҮИГ-ын Үйлдвэрлэл, инновацын хэлтсийн дарга С.Золбаяр, МҮХАҮТ-ын Маркетинг, олон нийттэй харилцах газрын дарга Э.Адъяасүрэн, ХХААХҮЯ-ны ЖДҮ, хоршооны бодлого эрхлэлтийг зохицуулах газрын мэргэжилтэн Б.Мөнхцэцэг нар өнөөдөр Нийслэлийн мэдээллийн төвд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

    МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн “Жижиг, дунд,бичил үйлдвэрлэл эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжин урамшуулах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор 22 дахь жилдээ зохиож буй энэ удаагийн үзэсгэлэнд үндэсний үйлдвэрлэгч 60 гаруй ААН, Нийслэлийн таван дүүргийн ЖДҮГ, ОХУ-ын Краснодар муж, Ростовын бүс, Эрхүү муж, Чита, Алтайн хязгаар, БНБуриад Улс, БНТува Улсаас хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний 30 гаруй ААН, БНСУ-ын хүнс, өргөн хэрэглээний барааны 11 компани, Балба улсын эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүний, Гонконгийн сувдан эдлэлийн компани гээд нийт 150 гаруй ААН оролцоно. Энэ жилийн үзэсгэлэн нь том талбай шаардлагагүй буюу бие дааж лангуу авах боломжгүй бичил бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор үнэ төлбөргүй тусгай цэг ажиллуулж байгаараа онцлог юм.  Энэ нь жижиг дунд болон бичил бизнес эрхлэгчдэд тэгш боломж олгох, бараа бүтээгдэхүүнийг нь сурталчлах, борлуулалтыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилтын хүрээнд хийгдэж байгаа ажил юм” гэлээ.

    ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн А-50 тоот тушаалаар байгуулагдсан “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журмын төслийг боловсруулах” үүрэг бүхий ажлын хэсэгт идэвхтэй орж ажиллаж байгаа талаар ХХААХҮЯ-ны ЖДҮ, хоршооны бодлого эрхлэлтийг зохицуулах газрын мэргэжилтэн Б.Мөнхцэцэг хэллээ.

    Уг журмын шинэчлэлээр Сангаас шууд олгох болон Банкаар дамжуулан олгох зээлийн төслийн сонгон шалгаруулалтын үе шатыг илүү нарийвчлан тодорхой болгож, онооны системээр үнэлэх буюу 100 хүртэл оноогоор дүгнэн, 70-аас дээш оноо авсан төслийг дараа дараагийн шат руу шилжүүлэх, мөн үе шат бүрд авсан онооны нийлбэрээр ихээс бага руу эрэмбэлэн, төслийн жагсаалтыг батлахаар заажээ. Мөн хороо, дэд хорооны төсөл сонгон шалгаруулах, үнэлэх үйл явцыг цахимаар болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нээлттэй зохион байгуулахаар зааж, мөн Сан болон аймгийн төсөл хариуцсан мэргэжилтний үүрэг хариуцлагыг илүү чангатган оруулсан байна.  Түүнчлэн Сангийн зээлийг зорилтот бүлэгт хүргэх зорилгоор Төрийн өндөр дээд албан тушаалтан, түүний гэр бүлийн гишүүдээс төслийн саналыг хүлээн авахгүй байхаар зааж байгаа аж.

    Үзэсгэлэнгийн үеэр ОХУ-ын “Бизнес Контакт ХХК”-ийн “Ворота в Азию-2019” олон улсын үзэсгэлэнгийн 30 дахь удаагийн нээлт хамтатган зохиогдоно. Мөн ОХУ-ын Краснодар, Ростов хотуудаас ирсэн бизнес эрхлэгчдийн B2B уулзалт болох юм.

    Latest 150
    Latest 150