• MN
  • EN
  • CN
  • RU
  • ЕХ-ТОЙ ХИЙЖ БУЙ ХУДАЛДААГ ХӨНГӨВЧЛӨХ, ДЭМЖИХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТАРСАН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
    05/29/2019

    Монгол Улс болон ЕХ-ны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд МҮХАҮТ, ЕХ-ны гишүүн улсуудаас Монгол Улсад суугаа болон хавсран суугаа Элчин сайд нартай 5 дугаар сарын 29-нд хамтарсан уулзалт зохион байгууллаа.  

    Уулзалтаар  ЕХ, МҮХАҮТ хоорондын цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож, худалдааг дэмжих, хөнгөвчлөх болон нэмэгдүүлэх, түүнд тулгарч байгаа бэрхшээлүүдийг шийдэх асуудлаар санал солилцов.  

    Монгол Улсаас 2018 онд ЕХ-ны зах зээлд 74 сая еврогийн экспорт хийгдсэн бөгөөд үүний 40 хувийг нэмүү өртөг шингээгүй буюу хагас боловсруулсан түүхий эд,  313 сая еврогийн импорт хийснээс 88 хувийг машин, тоног төхөөрөмж тус тус эзэлж буй юм.

    Манай улс 2005 оноос ЕХ-ны шинэчилсэн хөнгөлөлтийн ерөнхий системд хамрагдаж, 7200 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн гаалийн татваргүй экспортлох боломжтой болсон. Гэвч сүүлийн 10 жилийн экспортоос харахад самнасан ноолуур, ноолууран сүлжмэл бүтээгдэхүүн, эсгий бүтээгдэхүүн, өлөн гэдэс, хивс, монгол гэр, гэрийн тавилга, хагас боловсруулсан арьс шир зэрэг цөөн нэр төрлийн бүтээгдэхүүнийг экспортлож байна.

    ЕХ-ны Засгийн Газраас Монгол Улсын Худалдааны бодлогыг боловсронгуй болгох, худалдааг хөнгөвчлөх, уул уурхайн бус экспортыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр хэд хэдэн төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд “EU-TRAM” төслийн хамтран хэрэгжүүлэгчээр МҮХАҮТ ажиллаж байна.

    Монгол Улс хэдийгээр тарифын хөнгөлөлт эдэлж байгаа боловч тарифын бус саад бэрхшээлүүд өнөөг хүртэл тулгамдсан асуудал хэвээр байна. Иймд бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, ЕХ-ны чанар стандарт, эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэх зэрэгт ЕХ-ны Засгийн Газар, холбогдох байгууллагуудтай илүү ойр хамтран ажиллах хэрэгтэй байгааг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин онцоллоо.

    Цаашид энэ чиглэлээр болон манай улсын худалдаа, бизнесийн хүртээмжийг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний стандартыг  сайжруулах, экспортын орчны судалгаа авах, экспортын чиглэлийн кластеруудыг байгуулах, өргөжүүлэхэд хамтын ажиллагаагаа улам идэвхжүүлнэ гэдгээ ЕХ-ны улсын Элчин сайд нар уулзалтын үеэр мэдэгдлээ.

    Latest 150
    Latest 150