• MN
  • EN
  • CN
  • RU
  • Бизнес эрхлэгчид Оюутолгой уурхайд зочиллоо
    06/06/2019

    “Оны онцлох аж ахуйн нэгж”-ээр шалгарсан компаниудын амжилт, туршлагыг бусад гишүүн ААН, бизнес эрхлэгчдэд сурталчлах, гишүүд хоорондын уялдаа холбоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор  МҮХАҮТ-аас “Энтрепренерийн аян” зохион байгуулдаг  бөгөөд энэ удаад бизнес эрхлэгчдийн төлөөлөл Оюутолгой ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

    Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших “Оюут” ил уурхайн хэсэгтэй танилцаж, баяжуулах үйлдвэр болон баяжмал савлах үйлдвэрт зочилсон уг аялалд Эрдэнэт, Багануур, АПУ, Өгөөж, Магнай трэйд зэрэг 30 гаруй компанийн 40 орчим төлөөлөл оролцлоо.

    “Оюут” ил уурхай 24 цагаар ажилладаг бөгөөд нэг ээлжиндээ 12 цагаар 560 орчим хүн ажиллаж байна. Өдгөө тус уурхай төлөвлөсөн хэмжээнээс давуулж буюу өдөрт 100 мянган тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.  Үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойшхи хугацаанд 500 сая гаруй тонн хүдэр олборлож, хоёр км өргөн, 300 метр гүн ил уурхай бий болжээ.   Баяжуулах үйлдвэрийн хувьд бүрэн хүчин чадлаараа ажиллахад хоногт 100 мянган тонн хүдэр боловсруулж, алт, зэс, мөнгө ялгах хүчин чадалтай аж.

    Тус компаниас нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Ханбогд сумын нутагт дэвсгэрт бүтээн байгуулсан “Үлэмжийн чанар” соёлын төв, Мод үржүүлгийн төвөөр аяллын баг зочилж, иж бүрэн засварлаж тохижуулсан дунд сургууль, цэцэрлэгээр орлоо. Уурхайн бүтээн байгуулалтаас гадна олон улсын стандартад нийцсэн хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангах ажиллагааг нягт хэвшүүлсэн байдал, хөдөлмөрийн нарийн зохион байгуулалт, дэг журам зэрэг нь оролцогчдод онцгой сэтгэгдэл төрүүлсэн юм.

    Latest 150
    Latest 150