• MN
  • EN
  • CN
  • RU
  • Бичил, жижиг үйлдвэрлэлийн санхүүжилт В2В уулзалт боллоо
    06/07/2019

    МҮХАҮТ, ХХААХҮЯ-ны ЖДҮХСан, Хан-Уул дүүргийн ЗДТГ болон Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Төв хамтран бичил, жижиг үйлдвэрлэлийн санхүүжилт В2В уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.

    МҮХАҮТ-ын орлогч дарга Б.Намжилсүрэн өдөрлөгийг нээн хэлсэн үгэндээ, “МҮХАҮТ нь бизнесийн таатай орчин бүрдүүлэх, бизнес эрхлэгчдийнхээ дуу хоолой болон, тэдний эрх ашгийг илэрхийлэн хамгаалж, дэмжин, урамшуулж ажилладаг. Энэ зорилгын хүрээндээ дүүргийн бизнес эрхлэгчдийг дэмжих, үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг дотоод, гадаадын зах зээлд гаргах, өрсөлдөх чадварыг нь дээшлүүлэх зорилгоор Хан-Уул дүүргийн ЗДТГ-тай хамтран ажиллаж байгаа бөгөөд цаашид ч хамтын үйл ажиллагаагаа өргөжүүлэх болно.

    Жижиг дунд үйлдвэр эрхлэхэд тулгардаг хэд хэдэн асуудлууд байдаг, түүний нэг нь санхүүжилтийн асуудал. Өчигдөр жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль батлагдлаа. Хууль батлагдсанаар иргэдийн аж ахуй эрхлэх сонирхол нэмэгдэж, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн өрсөлдөх чадвар сайжирч, нэмүү өртгийн сүлжээнд оролцогсдын тоо өсөхөөс гадна үйл ажиллагаагаа хорших, өргөтгөх идэвхи санаачлага бий болно. Хамгийн гол нь Монгол улсын Засгийн газраас бичил, жижиг дунд аж ахуйн нэгжүүдэд зээл олгох журам, нөхцлийг тогтоож, ижил зориулалт бүхий сангуудыг нэгтгэх асуудал шийдвэрлэгдлээ” гэлээ.

    Өдөрлөгийн үеэр МҮХАҮТ-ын болон салбар зөвлөлийн танилцуулга, төсөл хөтөлбөрүүд, урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох төслийн хэлэлцүүлэг явагдаж, Хан-Уул дүүргийн бизнес эрхлэгчдэд ЖДҮ-н санхүүжилтийн асуудлаар мэдээлэл өгч, бизнесийн харилцаа, сүлжээг өргөжүүлэх B2B уулзалтыг хийв.

    Мөн Хан-Уул дүүргийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвийн бүсгүйчүүд өөрсдийн бүтээлүүдээ дэлгэн сонирхууллаа.

    Урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төслийн танилцуулгыг ХХААХҮЯ-ны ЖДҮХСангийн Зээлийн удирдлагын хэлтсийн дарга Д.Дашхүү танилцуулсан юм.

    Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд зориулан хөнгөлөлттэй зээлийг хүртээмжтэй болгох үүднээс Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх Сангаас шууд олгох зээлийн хэмжээг 20.0-300.0 сая төгрөг хүртэл, арилжааны банкаар дамжуулан олгох зээлийн хэмжээг орон нутагт 20.0-200.0 сая төгрөг, Улаанбаатар хотод 300.0-1,000.0 сая төгрөг хүртэл олгохоор тогтоосон байна. 

    Latest 150
    Latest 150