• MN
  • EN
  • CN
  • RU
  • "ЕВРОПЫН ХУДАЛДААНЫ ӨДӨРЛӨГ-2019" БОЛЛОО
    06/21/2019

    Монгол Улс, Европын холбооны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилго бүхий  "Европын худалдааны өдөрлөг-2019" өнөөдөр Туушин зочид буудалд боллоо. Уг арга хэмжээг нээж ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, ЕХ-ноос Монгол Улсад суух Элчин сайд Траян Христэа, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин  нар үг хэлэв. 

    Европын Холбоо нь хамтын ажиллагааны хүрээнд  Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангах, уул уурхайн салбараас хэт хараат болсон манай улсын эдийн засгийг төрөлжүүлэх, улмаар Европын улс орнуудын баримталдаг сонгодог эдийн засгийн үр дүнтэй тогтолцоотой болгох бодлогыг баримтлан ажиллаж байгаа, Монгол Улсын хувьд БНХАУ, ОХУ-ны дараа орох худалдааны гурав дахь том түнш билээ.

    МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин хэлсэн үгэндээ “МҮХАҮТ нь Монгол Улсад бизнесийн таатай орчин бүрдүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх гол шүхэр байгууллага болох, бизнес эрхлэгчдийг гадаад зах зээлтэй холбох, гадаад худалдааг хөнгөвчлөх, экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих зэрэг олон талт үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал ЕХ-ны ТРАМ төслийг хамтран хэрэгжүүлэгчийн хувьд чацарганы тос, сарлагийн хөөвөр, торомны ноос, гоо сайхны бүтээгдэхүүний кластеруудыг Монгол Улсад байгуулах чиглэлээр идэвхтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд нийт 50 гаруй бизнес эрхлэгчтэй хамтран ажиллаж Улаанбаатар хотноо болон орон нутагт нийт 15 орчим уулзалтуудыг зохион байгуулан, бэлтгэл ажлуудыг ханган ажиллаж байна.

    Түүнчлэн ЕХ-ны ахмад экспертүүдийн холбоод, Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимууд, Худалдаа Дэмжих Байгууллагуудтай хамтран ажиллаж, хоёр талын бизнес уулзалтуудыг зохион байгуулах, ЕХ-ны орнуудад зохион байгуулагдаж буй үзэсгэлэн, арга хэмжээнүүдэд бизнес эрхлэгчдийг зохион байгуулан оролцуулах замаар хамтын ажиллагааг хөгжүүлэн ажиллаж байна” гэлээ.  

    Европын холбооны Хөнгөлөлтийн Ерөнхий Систем (GSP+) хөтөлбөрийн хүрээнд Монгол Улс жилд 6200 нэр төрлийн бүтээгдэхүүнийг Европын зах зээлд татваргүй эскпортлох боломжтой. Гэсэн хэдий ч органик гоо сайхны бүтээгдэхүүн, сарлаг болон ботгоны ноос, чацарганы тос болон арьс ширийг тус зах зээлд гаргаж буй юм. Тодруулбал, Монгол Улс өнгөрсөн онд 13 тэрбум ам.долларын гадаад худалдаа хийснээс 7 тэрбум нь экспорт байжээ. Гэхдээ Европын холбооны зах зээлд гаргаж буй бүтээгдэхүүнээс 100 сая ам.доллар олсон нь хэт бага үзүүлэлт гэдгийг ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В.Энхболд нээлтийн үеэр онцлов.

    Цаашид энэхүү экспортын хувь хэмжээг нэмэгдүүлэх, нэр төрлийг олшруулах, ялангуяа уул уурхайн бус бүтээгдэхүүнүүд болох ХАА-н гаралтай органик хүнсний бүтээгдэхүүн, арьс ширэн эдлэл, гоо сайхан, гар урлалын бүтээгдэхүүний экспортыг дэмжихэд TRAM төслийн гол үйл ажиллагаа чиглэнэ.

    Нийт 4.5 сая еврогийн санхүүжилт бүхий ТРАМ төслийг 2017 оны гуравдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү төслийг зөвхөн аж ахуйн нэгжийг санхүүжүүлэх зорилготой гэж ойлгодог хүмүүс олон бий. Гэхдээ ТРАМ бол бизнесийн салбарын хууль эрх зүйн орчныг үнэлэх, зөв, оновчтой болгох, шинэ санал санаачилгыг дэмжих зэрэг худалдааны тогтвортой бодлого боловсруулах болон кластерийг хөгжүүлэх зорилготой төсөл гэдгийг тус төслийн багийн ахлагч Кармен Фратита хэллээ.

    Latest 150
    Latest 150