• MN
  • EN
  • CN
  • RU
  • Хонины ноосыг цахилгаан машинаар хяргах сургалт хийлээ
    06/27/2019

    МҮХАҮТ-ын “ProValue” төсөл нь НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага, ХХААХҮЯ, Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо, Австралийн элчин сайдын яам, Алтайн уулсын оргил малчдын хоршоотой хамтран 6 дугаар сарын 17- 24 ны өдрүүдэд Ховд аймгийн Зэрэг суманд хонь хяргах сургалтыг зохион байгуулав. 

    “ProValue” төслийн урилгаар ирсэн багш нар, тухайлбал олон улсын хонь хяргагчдын тэмцээнд тогтмол амжилттай оролцож байгаа, Шинэ Зеланд улсад ажиллаж амьдардаг мэргэшсэн хонь хяргагч Булган аймгийн харъяат Ч.Энхнасан, түүний гэргий мэргэшсэн ангилан ялгагч Зое Лийч, Австрали улсын мэргэшсэн хонь хяргагч Скотт Антони нар сургалтыг удирдан явуулсан бөгөөд Ховд, Архангай, Дундговь аймгийн хоршоодын нийт 40 гаруй малчин, МСҮТ-ийн багш нар оролцов. 

    Энэхүү сургалтын үр дүнгийн семинар “Хонины ноосны чанарыг сайжруулах нь” сэдвээр “Улаанбаатар хивс” ХХК-ийн байранд өнөөдөр боллоо.

    Семинарын үеэр НҮБ-ын Аж Үйлдвэрийн хөгжлийн байгууллага, МҮХАҮТ, ХХААХҮЯ, Адра олон улсын байгууллагаас сургалтын танилцуулга, ажлын үр дүнгийн талаар мэдээлэл хийсэн бөгөөд Шинэ Зеланд, Австрали улсын мэргэшсэн хонь хяргагч багш нар өөрсдийн туршлагаас хуваалцан, цахилгаан машинаар хонь хяргах, хонины ноос ангилан ялгах, савлах үзүүлбэр үзүүллээ.

    Хонины ноосыг цахилгаан машинаар хяргаж авснаар давуу талууд олон гардаг. Ноос боловсруулагчдын зүгээс малчдад тавьдаг шаардлага нь хяргасан ноосны урт нь жигд, хээл зооны хэсгээр нь ялгасан байх, сайтар угаасан байх хэрэгтэй гэдэг байна. Харин цахилгаан машинаар хяргаснаар цаг хугацаа хэмнэх, ноосыг илүү тэгш хэмтэй хяргаж шууд үйлдвэрлэлд нийлүүлэх боломжтой юм. Хонины ноосыг гар аргаар 10 гаруй минутад хяргадаг бол цахилгаан машинаар 1-3 минутын хугацаанд хяргаад зогсохгүй хог өтөг бууцтай нь холихгүйгээр ноосоо ялган ангилж үйлдвэрүүдэд нийлүүлэнэ. Төслийн багийнхан цаашдаа ноос хяргах үйл явцыг үйлдвэрлэл болгож явуулахыг зорьж байна гэсэн юм.

    Цахилгаан машинаар хонины ноосыг хяргах төвийг аймаг бүрийн хэд хэдэн сумдад байгуулах нь өнөөгийн шаардлага төдийгүй ноос бэлтгэлийн чанарыг сайжруулахаас гадна ноос бэлтгэлийг дэлхийн жишигт хүрнэ гэж семинарт оролцсон малчид үйлдвэрлэгчид ярьж байв.

    МҮХАҮТ, Германы Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимуудын Холбоо хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хонины ноос болон чацарганы салбарын нэмүү өртгийн сүлжээг дэмжих “ProValue” төсөл 4 дэх жилдээ хэрэгжиж байна.

    Хонины ноосны нэмүү өртгийг дэмжих, орон нутгийн малчдын ашиг орлогыг нэмэгдүүлэх зорилготой тус төсөл нь Архангай аймагт амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд төслийн хүрээнд малчид, үйлдвэрлэгчдэд зориулсан олон мэргэжлийн сургалт, дадлагат семинарыг орон нутагт нь зохион байгуулсаар байгаа билээ.

    Түүнчлэн тус аймагт бог малын эрүүл мэнд, тарга тэвээр, арьс, үс ноосны чанар, гарцыг нэмэгдүүлэх зорилготой малыг эрүүлжүүлэх цогц  “Баг” төвийг 2017 оны 6-р сард ашиглалтанд оруулсан нь Архангайд төдийгүй Монгол улсын хэмжээнд анхны жишиг бүтээн байгуулалт болсон юм.  

    Latest 150
    Latest 150