• MN
  • EN
  • CN
  • RU
  • МҮХАҮТ, Өвөр Монголын Худалдааг дэмжих хороотой хамтран зах зээлд маркетингийн судалгааг хийнэ
    06/28/2019

    МҮХАҮТ, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Олон улсын худалдааг дэмжих хороо хамтран “Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн бизнес форум”-ыг өнөөдөр зохион байгууллаа.  

    Форумд  Монголын талаас 100 гаруй аж ахуйн нэгжийн, ӨМӨЗО-ны 12 аймаг, хотын хүнс, хөдөө аж ахуй, ашигт малтмал, тоног төхөөрөмж, эрүүл мэнд, гадаад худалдаа, тээвэр зууч, барилга, байгаль орчны салбарын 160 төлөөлөл оролцов.

    МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн хэлэхдээ, "МҮХАҮТ-ын зүгээс бизнес хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хоёр талын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааны боломжуудыг нэмэгдүүлэх чиглэлээр БНХАУ-ын Худалдааг дэмжих байгууллагуудтай нягт хамтран ажилладаг юм.

    МҮХАҮТ, Өвөр Монголын Худалдааг дэмжих хороо хамтран зах зээлийн болон хууль эрх зүйн орчны маркетингийн судалгааг хийх болсныг Та бүхэнд дуулгахад таатай байна. Мөн онлайн худалдааг Хятадын зах зээлд гаргахын тулд Өвөр Монголоор дамжуулах нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдсэн. Өнөөдрийн арга хэмжээнд ӨМӨЗО-ны бизнес эрхлэгчид өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байгаа нь Өвөрмонголын бизнес эрхлэгчид Монголын бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллах, Монголд хөрөнгө оруулалт хийх хүсэлтэйг илтгэж байна” гэлээ. 

    Мөн үеэр Монголын талаас “Дээшээ парк” төсөл, Чулууны цаас, цаасан бүтээгдэхүүний үйлдвэр байгуулах бизнес төслийн танилцуулга, Хятадын талаас Жиньхэн биологийн ХК, Үхай хотын “Гандар” экологийн аялал жуулчлалын ХХК, “Ордос Жэннэн” химийн үйлдвэрийн группын танилцуулгыг тус тус хийлээ.

        Форумын үеэр хоёр улсын аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан юм. Тухайлбал:

    1. Чингисийн хүрээг өөрчлөн байгуулах 120 сая юаны өртөг бүхий төсөл /БНХАУ-ын “Монгол хүрээ” групп ХХК, Монголын талаас Чингисийн хүрээ/
    2. Төмөрлөгийн материалыг экспортлох талаар хамтран ажиллах 20 сая юаны төсөл /Хятадын талаас ӨМӨЗО-ны Байчуань төмөрлөгийн ХХК, Монголын талаас “Шинэ их газар” ХХК /
    3. Чирэгч самосвалын борлуулалтын 2 сая юаны төсөл /Хятадын талаас  Норд бенз трак групп эксим ХХК, Монголын талаас “ММК” ХХК/
    4. Халаалтын зуухны Монгол дахь дистрибьюторын гэрээ /Хятадын талаас ӨМӨЗО-ны Шэнянь байгаль орчныг хамгаалах технологийн ХХК /Ордос хотын урт хугацааны хамтран ажиллах гэрээ/, Монголын талаас “Мон Китурами” ХХК/
    5. Автомашин худалдах худалдан авах ба тээврийн 10 сая юаны гэрээ /Хятадын талаас ӨМӨЗО-ны “ММК Эксим” худалдааны ХК, Монголын талаас “Мост цэвэрлэг булаг” ХХК/
    6. Эрээн хотын ХАА технологийн үр дүнг хувиргах ба ХАА-ын бүтээгдэхүүнийг хамтаар судалж хөгжүүлэх гэрээ /Хятадын талаас ӨМӨЗО-ны “Сүүний охь хөдөө аж ахуйн технологи” ХХК, Монголын талаас ХААИС/
    7.  Дистрибьюторын гэрээ /байгаль орчинд ээлтэй утаа сорогч, агаар цэвэршүүлэгч, эмнэлэгийн ариутгагч, тос утаа сорогч, гал тогооны зуух/ Хятадын талаас Гуандун Вэйлинь технологи үйлдвэрийн Групп, Монголын талаас “Улаанбаатар” их дэлгүүр тус тус хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав.
    Latest 150
    Latest 150