• MN
  • EN
  • CN
  • RU
  • МОНГОЛ-ПОЛЬШИЙН ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, АЛДАГДЛЫГ БУУРУУЛАХААР АЖИЛЛАНА
    07/09/2019

    Монгол, Польшийн эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилго бүхий бизнес уулзалт өнөөдөр “Туушин” зочид буудалд боллоо.

    Монгол, Польш Улс жилд 60 сая еврогийн худалдаа хийдэг байна. Үүний дийлэнхийг ноос ноолуур, сүлжмэл бүтээгдэхүүн болон жимс, жимсгэнэ эзэлдэг. Тиймээс хоёр орны бизнес эрхлэгчдийг холбох, уул уурхай, хөдөө аж ахуй, цахилгаан автобус үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах боломжийг бүрдүүлэхэд өнөөдрийн хурлын зорилго оршиж байв. Энэ боломжийг бүрдүүлснээр хоёр орны гадаад худалдааны эргэлтийг 100 сая еврод хүргэх боломжтой гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.

    Энэ талаар Польшийн Хөрөнгө оруулалт, худалдааны агентлагийн дэд ерөнхийлөгч Крзиштоф Сенгер, “Хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхийн тулд нэн тэргүүнд манай улсын аж ахуйн нэгжүүдэд Монголын бизнес, хууль эрх зүйн орчны талаар мэдээлэл өгөх шаардлагатай. Түүнчлэн бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд нэн тэргүүнд шийдвэрлэх асуудал бол санхүүжилт. Тиймээс Полшийн банкууд Монголын аж ахуйн нэгжүүдэд урт хугацаатай, бага хүүтэй зээл олгох боломжтой тухайгаа өнөөдрийн уулзалтын үеэр танилцууллаа. Цаашдаа энэхүү зээлийг ямар нөхцлөөр, хэрхэн олгох талаар нарийн судлах болно. Манай орны бизнес эрхлэгч нар Монголын сүү, сүүн бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүн болон цахилгаан автобус үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаа” хэмээв.

    МҮХАҮТ-ын Eрөнхийлөгч О.Амартүвшин хэлэхдээ, “Польш бол барилгын материал болон хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч орны нэг. Хоёр улсын худалдааны эргэлт 2019 оны эхний 5 сараар 25.3 сая ам.доллар, үүнээс экспорт 71 мянга, импорт 24.6 сая. Худалдааны алдагдал 23.9 сая. Худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, зөрүүг бууруулах нь чухал юм. Өнөөдрийн чуулганаар Польш улсын банкууд Монголын аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгохоос гадна уул уурхайн  түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгож, европын зах зээлд гаргах хамтарсан үйлдвэр байгуулах асуудлыг хөндөж байна. Энэ бүх ярьсан асуудлыг ажил хэрэг болгохын төлөө МҮХАҮТ хичээн ажиллах болно” хэмээв.

    Latest 150
    Latest 150