• MN
  • EN
  • CN
  • RU
  • "ИХ ТҮМЭН САНААЧИЛГА”-ЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЖ БАЙНА
    08/23/2019

    Зүүн хойд Азийн бүс нутгийн Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны механизм болох "Их түмэн санаачилга” (The Greater Tumen Initiative/GTI)-ын  19 дахь Зөвлөлдөх хуралдаан 2019 оны 8-р сарын 20-23-ны өдрүүдэд БНХАУ-ын Чанчун хотноо зохиогдож байна.

    Монгол Улс, БНХАУ, ОХУ, БНСУ гэсэн дөрвөн улсын гишүүнчлэлтэй уг хөтөлбөр нь бүс нутгийн орнуудын хооронд байгуулсан гэрээ, хэлэлцээрүүдийг хэрэгжүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэх, худалдааг дэмжих, бизнесийн таатай орчинг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор ажилладаг.

    Хуралдааны хүрээнд Зүүн хойд Азийн бүс нутгийн зөвлөлдөх хурал, нээлттэй хэлэлцүүлэг, бизнесийн нийгэмлэг, судалгааны төвийн болон Экзим банкны ажлын албаны уулзалтууд болсон бөгөөд “Их түмэн санаачилга”-ын гишүүн орнуудын удирдах албан тушаалтнууд, GIZ, UNESCAP, Жилин аймгийн орон нутгийн засаг, захиргааны нэгжүүдийн удирдлага, судалгааны байгууллагуудын 100 гаруй төлөөлөл оролцлоо.

    Энэ удаад гишүүн орнуудын Худалдаа аж үйлдвэрийн танхимуудын удирдлагууд болох МYХАҮТ-ын дарга Т.Дүүрэн, БНХАУ-ын ХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Ш.Лян, ОХУ-ын ХАҮТ-ын Дэд ерөнхийлөгч К.Сергей, БНСУ-ын ХАҮТ-ын Дэд ерөнхийлөгч К.Хомин нар тус санаачилгын Бизнесийн нийгэмлэгийн анхдугаар уулзалтыг зохион байгуулж, бүс нутгийн бизнесийн байгууллагуудын хамтын ажиллагаа, интеграци болон цаашдын уйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцсэнээрээ онцлогтой боллоо.

    МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн нээлттэй хэлэлцүүлгийн үеэр хэлсэн үгэндээ “Бүс нутгийн бизнесийн салбарыг хөгжүүлэхийн тулд бараа бүтээгдэхүүний экспорт, импортгүйгээр төсөөлшгүй. Тиймээс бид хамтрагч орнуудын иргэдийн худалдан авалтын нарийвчилсан судалгааг хийх шаардлагатай байна. Улс болгоны орчин болон соёлын онцлог нь худалдан авах сонголтод ихээхэн нөлөөлдгийг сайтар ойлгож судалгааны дагуу шинэ бүтээгдэхүүн тухайн улсын зах зээлд гаргавал илүү их амжилт олно" хэмээн дурджээ.

    "Их түмэн санаачилга”-ын гишүүд Зүүн хойд Азийн бүс нутгийн үзэсгэлэн худалдааны нээлтэд оролцсоноор хуралдаан өндөрлөх юм.

    Latest 150
    Latest 150