• MN
  • EN
  • CN
  • RU
  • Б.Лхагважав: НӨАТ-ын урамшууллын системийн буянд улсын орлого тасраагүй
    11/17/2016

    Иргэдээ урамшуулах системээр эдийн засгийн ил тод байдлыг бий болгох үүднээс шинэчлэгдсэн НӨАТ-ын тухай хууль өнгөрсөн оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Уг хуулийн дагуу НӨАТ-ын татварын буцаан олголтыг ирэх 2017 оны нэгдүгээр улиралд багтаан олгохоор улсаас 38 тэрбум төгрөг төсөвлөжээ. Энэ талаар МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважавтай ярилцлаа.

    -ИРГЭНДЭЭ ХЯНАЛТЫГ ӨГСӨН УЧРААС ТАТВАРЫН БААЗ СУУРИЙГ 23 ДАХИН ИХЭСГЭСЭН-

    - Зарим иргэд НӨАТ-ын тухай хуулийг иргэдийн орлогыг мэдэх зорилготой хууль хэмээн шүүмжлэлтэй ханддаг. Энэ талаар та юу хэлэх вэ?

    - НӨАТ-ын хуулийн гол онцлог бол иргэнд өөрт нь татварын хяналт тавих эрх чөлөөг өгсөн юм. Нэг ёсондоо бид хуучин татварын нэг хүчтэй байгууллага юм уу, нэг татварын ухаантай байцаагч бүх татвараа хянаад захиран зарцуулдаг байсан энэ ойлголт болдоггүй гэдгийг өнгөрсөн 20 жилд ойлгуулсан. Тиймээс энэ системийн оронд бид иргэндээ хяналтыг өгчихье. НӨАТ-ын эцсийн хэрэглэгч, татвар төлөгч иргэн танд таны төлсөн татварын 20 хувийг эргүүлж өгнө. Татвараа буцаан авахын тулд иргэн ажил үйлчилгээний баримт авна. Тухайн баримтыг иргэн авснаараа аж ахуйн нэгжийн бүх орлогыг ил гаргаж, татварын газрын хяналтад оруулж байгаа ийм л систем юм. Түүнээс иргэний орлогыг хянах мэдэх зориулалттай хууль биш.

    - НӨАТ-ын урамшууллын систем хэрэгжиж эхэлснээр татварын бүрдүүлэлт нэмэгдсэн үү?
    - 2015 онд татварын системийн өөрчлөлтийг хийнэ гээд хэдэн хууль оруулснаас НӨАТ-ын тухай хууль батлагдаж, нөгөө гурван хууль нь хойшлогдоод байгаа. Энэ хууль хэрэгжиж эхлээд арав гаруй сар болж байна. НӨАТ-ын урамшууллын систем хэрэгжиж эхэлсний буянд манай улсын татварын орлого ерөөсөө тасраагүй. Тасрах нь бүү хэл 100 гаруй хувийн өсөлттэй байгаа. Гэтэл бидний зардлын асуудал хэтэрчихээд байна. Нэг сарын 1-нээс хойш эдийн засгийн бүх үзүүлэлт унасныг аль ч статистикаас харж болно. Гэсэн атал яагаад татварын орлого биелээд, бүр даваад байгаа юм бэ. Өнөөдөр энэ хууль хэрэгжиж иргэндээ хяналтыг өгсөн учраас сүүлийн арван сарын хугацаанд татварынхаа бааз суурийг 23 дахин ихэсгэсэн.

    - Жишээлбэл?
    - Нэг сарын эхэнд 1700 касс байсан бол одоо 40 мянган касс ажиллаж байна. Зөвхөн 23 дахин татварын бааз суурийг ихэсгэхийг өөр өнцгөөс харвал энэ гайхамшиг. Өнөөдөр 140 сая баримт хэвлэгдсэн байна. Энэ баримтуудаар ажил үйлчилгээ үзүүлсэн бүх цэгийн орлогыг иргэн өөрсдөө мэдүүлээд өгч байгаа юм. Нягтлан бодох бүртгэлийн хууль, Аудитын хууль, НӨАТ-ын хууль зэрэг бүгд шинээр явж байгаа. Тийм учраас бид өмнө нь эдийн засгийн ил тод байдлын тухай хууль гаргаад дэмжих хууль, дараа нь хугацааг нь сунгаад мөн өнгөрсөн 2015 оны нэг сард өршөөлийн хууль гаргасан. Шинэ системд оруулахын тулд урд талын системийн бүх муу, сайн бүхнийг цэглэдэг. Тэр систем зогсоод зөвхөн нэг хууль нь хэрэгжиж эхлэхэд ийм сайн үр дүн үзүүлж байна.

    - НӨАТ-ын буцаан олголтыг ирэх оны эхний улиралд багтаан өгөхөөр болсон. Иргэдэд нэг дор бэлэн мөнгө өгснөөр эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ?

    - Иргэд маань 2017 оны нэг сараас эхлээд 2016 оныхоо НӨАТ-ын буцаан олголтоо авна. Татварын буцаан олголтод төсөв батлахдаа 38 тэрбум төгрөг суулгасан байгаа. Ингэж өгөх нь эдийн засгийн эргэлтэд сайнаар нөлөөлнө. Яагаад гэхээр өнөөдөр хүмүүс урамшууллаа авахын тулд 11, 12-р сарынхаа бүх ажил үйлчилгээнийхээ баримтыг сайн авах ёстой. Та хэр олон баримт авна тэр хэмжээгээр таны дансанд тийм мөнгө шилжиж орно. Улаанбаатар хотын нийт бизнесийн 60 гаруй хувь нь үйлчилгээний бизнес. Энэ үйлчилгээний бизнесийн гол цэг шинэ жилээр явагдана. Дараагийн гол цэг нь цагаан сар байгаа юм. Тэгэхээр шинэ жилийн бүх ажил үйлчилгээний баримт хэвлэгдээд гарна гэдэг улсад орлого орно гэсэн үг. Нөгөө талаас иргэд энэ идэвхиэрээ урамшууллаа авч байгаа боловч энэ урамшууллын мөнгө нь эргээд цагаан сарын үеэр эргээд үйлчилгээний байгууллагад очиж эргэлтэд орно гэсэн үг. Эдийн засаг талаасаа энэ бол маш ашигтай.

    -СУГАЛААНААС ИЛҮҮТЭЙ УРАМШУУЛАЛ НЬ ЧУХАЛ-

    - Зарим иргэд НӨАТ-ын сугалаанд шүүмжлэлтэй ханддаг. Энэ тал дээр та юу хэлэх вэ?
    - Иргэд энэ урамшууллаа аваад эхлэхээр энэ татварын хуулийн өөрчлөлт өөрөө өөрийгөө хөгжүүлээд явчихна. Цаашид сугалаа хэрэггүй болно. Сугалааны гол үүрэг онцлог нь энэ татварын шинэ системийн үр өгөөжийг хүртээх, идэвхтэй оролцуулах гэж сугалааг явуулсан. Өнөөдрийг хүртэл нийт 18 удаа сугалаа явуулаад байна. Сугалааны хонжворт 20 гаруй тэрбум төгрөг тусгаж өгөөд, одоо сүүлийн хоёр сугалаа үлдэж байгаа байх. Энэ системийг өнгөцөөр харж шүүмжлэх хэрэггүй. Цаад утгаараа бол ерөөсөө энэ татварын системийн хяналт, татварын бүрдүүлэлт, өгсөн татвараа эргээд хянах эрхийг иргэнд өгч байгаа хамгийн чухал систем гэдгийг ойлгох хэрэгтэй.

    - НӨАТ-ын сугалаа ирэх онд явагдахгүй гэж ойлгож болох уу?
    - Энэ оны хувьд бол энэ шинэ системд иргэдийг идэвхтэй оролцуулах үүднээс сугалаа явуулж эхэлсэн. Цаашдаа энэ сугалаа байх нь зүгээр. Гэхдээ сугалаатай сугалаагүй хүмүүс татварынхаа урамшууллыг авчихна. Хүмүүс НӨАТУС-ийн үр ашгийг бүгд ойлгоод эхэлчихнэ. Сугалаанаас илүү урамшуулал нь чухал гэдгийг ойлгох хэрэгтэй.

    - Зорилтот байдлаар НӨАТ-ын хуулийн эсрэг сурталчилгаа явуулдаг байж болох уу?
    - Энэ системийн хамтарч хийсэн үндсэн баг өнгөрсөн сонгуулийн дараа байхгүй болсон. Яг тэр үед улс төрийн оноо цуглуулах гэж хаваржингаа улс төрчид энэ хуулийн эсрэг тоглосон. Тийм эсэргүүнүүд МАН-ынхан байсан. Гэхдээ нөгөө хэд маань одоо засаг авчихсан. Энэ сайн системийг цааш нь явуулж чаддаггүй. Дэмжиж ч чаддаггүй нэг ийм гэдэс нь өвдсөн амьтан шиг хэвтээд байна. Хоёрдугаарт, энэ бол миний ойлгож байгаагаар сүүлийн хорин жилд гарсан инноваци гээд юмыг ашигласан хамгийн том системийн өөрчлөлт гэдэгт бардам байгаа. Сүүлд НӨАТ-ын системийн 45 залуу Монгол улсын хэмжээнд системийн хувьд хяналт хийх гайхалтай программ хангамжийг бичсэн юм. Энэ залуучуудад зөвхөн НӨАТ-ын системийн программ хангамж бичсэнийх нь төлөө болдог бол төрийн шагнал ч өгч болно.

    - Анх энэ системийг хэрхэн нэвтрүүлж байсныг эргээд яривал сонин байна?
    - С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар хэдийгээр 90-ээд оны УИХ-ын гишүүд ч гэсэн тухайн цаг үеийнхээ технологийг мэдэрч ажиллаж чадсан залуучууд. Тэр үед УИХ-ын дарга байсан З.Энхболд инновацийн шинэчлэлийг мэддэг, технократ хүн. Тухайн үед энэ системийн шинэчлэлийг хийхэд хоёр тэрбум төгрөгийг 2015 оны төсөвт суулгаж, залуучуудыг дэмжиж энэ ажлыг эхлүүлсэн. Үүнийг хийх гэж бид нар 2014 онд судалгаа хийж байхад Солонгос улсад хийсэн бол 50 сая ам.доллар, Тайваниас авбал 30-50 сая ам.доллар төлж байж НӨАТ-ын программ хангамжийг авах байсан. Тэгэхэд манай Монголын 45 залуу нэг сая ам.доллараар энэ программыг хийсэн. Мэдээж 50 сая доллар болон нэг сая долларын программын зөрүү бий. Гэхдээ сүүлийн арван сард залуучууд энэ алдаануудаа маш хурдан засаад явсан. Өнөөдөр тэр битгий хэл цаасаар баримт хэвлэхгүйгээр E-barimt хэлбэрээр зураасан кодоо уншуулж явахаар хүлээгдэж байна.

    -ЭНЭ ГАЙХАЛТАЙ СИСТЕМИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭЭРЭЙ ГЭЖ САНГИЙН САЙДААС ХИЧЭЭНГҮЙЛЭН ХҮСЧ БАЙНА-

    - Энэ шинэчлэлийг дэмжиж байсан хүмүүс албан тушаалаа өгсөн байна. Тэгэхээр цаашид НӨАТ-ын урамшууллын систем үргэлжлэх үү гэдэг асуулт гарч ирж байна?
    - Одоо хувь заяаны эрхээр шинэ бүрэлдэхүүн гараад ирсэн. Шинээр томилогдсон Татварын газрын дарга, шинэ Сангийн сайд нь энэ зүйлийг сайн хүлээж авч чадахгүй гэж ойлгоод байна. Яагаад гэвэл энэ системийн давуу тал ололттой талыг хэлэхгүй байна. Одоо НӨАТ-ын урамшуулал авахгүй юм шиг тийм худал сурталчилгаа явуулж байна. Бараг зогсоох юм шиг тийм хандлага гаргаж байна. Ялангуяа НӨАТ-ын системийг эсэргүүцэж байгаа хүмүүс бол хуучин татвараа төлдөггүй байсан улсууд, тэд одоо хяналтад орж байна. Нөгөө орлогоо нуудаг, татвараас зугтдаг хүмүүс. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар гаргаад ирсэн 34 их наяд төгрөг тийм ч сайхан тоо биш шүү дээ. Нөгөө талаар бидэнд ямар их идээ бээр байсныг харуулж байгаа юм. Тийм хэмжээний мөнгө татвараас зугтдаг байсны илрэл. Тийм болохоор эдгээр хүмүүс энэ сайн системийн эсрэг сөрөг сурталчилгаа хийгээд байна гэж ойлгож байгаа. Энэ системийг 10 жил ярьж яваа хүний хувьд, энэ гайхалтай системийг цаашид үргэлжлүүлээсэй гэж бодож байна. Тиймээс Сангийн сайд болон өнөөдрийн Татварын ерөнхий газрын даргаас хичээнгүйлэн хүсч байна.

    - НӨАТ-ын хуулийн хэрэгжилт манай улсын эдийн засагт ямар бодит нөлөө үзүүлсэн бэ?
    - Нэгдүгээрт, улсын татварын орлогын биелэлт бол НӨАТ-ын урамшууллын системийн үр дүн. Хоёрдугаарт, эдийн засгийн ил тод байдлыг хангах хуулиар 34.2 их наяд төгрөгийн орлого ил болгосон. Ам.доллараар бол тухайн үеийн ханшаар 17 тэрбум ам.доллар ил тод болсон. Өөрөөр хэлбэл, ийм хэмжээний мөнгө нууж байсан. Нийт ажил үйлчилгээний зах зээлийн 60 хувь нь хар зах зээл болсон байсан. Үүнээс үүдээд манай улсын бүх эдийн засгийн бодлогууд дампуурч байсан юм. Өнөөдөр НӨАТ-ын буянд буцаагаад ил тодын хуулиар гарсан мөнгөнөөс татвар авах боломж бүрдэж байна. Хууль хэрэгжсэнээс хойш татвар өгдөггүй байсан 60 хувийн зарим хэсгээс татвараа аваад эхэлсэн байна. Хуучны системээр бол татварын байцаагч л арван хэдэн тэрбумаар нь авч халааслаж байсан. Харин одоо тийм зүйл байхгүй. Энэ бол маш сайн үзүүлэлт.

    - НӨАТ-ын систем гэхээр өөрсдийнх нь мөнгийг аваад, эргээд өөрсдийнх нь санхүүг хянаад байна гэж ойлгоод байх шиг. Тиймээс татварын системийг энгийнээр тайлбарлаж өгөхгүй юү?
    - Татвар гэдэг бол иргэн аж ахуйн нэгжээс 100 хувь цуглуулаад, голоос нь нэг ч төгрөг дутаалгүй буцаагаад 100 хувь нийгэмдээ тараах процесс. Иргэн үйлчилгээ авлаа, мөнгөө компанид төллөө. Үүнд ямар нэг асуудал үүсэхгүй. Таны авсан барааны тодорхой хэмжээг тэр компани улсад төлөх ёстой. Гэтэл компани танд зарсан үйлчилгээгээ төрөөс нуугаад байгаа юм. Тэгэхээр төр компани хоёрын хооронд асуудал үүсч байгаа юм. Төр, компани хоёрын хооронд луйвар явагдахгүй байхаар иргэнд хяналтын эрх өгсөн ийм л механизм юм.

    - Өмнө нь манай улс энэ төрлийн ямар хууль хэрэгжүүлж байсан юм бэ?
    - Манай улс 1997 онд энэ НӨАТ-ын хуулийг худалдааны хууль нэртэй оруулж ирсэн. Тэр хуулийнхаа нэр томъёо, толгойг өөрчлөөд НӨАТ-ийн хууль гэж оруулсан. Яг үнэндээ энэ хуулийн үндсэн заалтууд хэрэгжээгүй байсаар үндсэндээ 19 жилийн дараа энэ жилийн нэг сарын 1-нээс хэрэгжиж эхэлж байгаа юм. Бид замдаа мөн гажигтуулсан байгаа байхгүй юу. Энэ гажгийг хийсэн улсууд одоо энэ засгийн толгой дээр сууж л байна. Бизнесийнхний ярьж байгаагаар орлого олж байгаа нь татвар төлнө, татвар төлж байгаа нь зах зээлээ эзэлнэ. Энэ зарчмаар л явах хэрэгтэй. Гэтэл татвар төлдөггүй этгээдэд зах зээлээ эзлүүлэх хамаагүй байгаа юм. Ил тодоор гарч ирсэн 34 их наяд төгрөгөөс татвар аваагүй явсны хамгийн том илрэл хүмүүс ядуу байгаа юм. Тэр 34 их наяд төгрөгөөс татвар авахгүй байхад төр өөрөө тусалсан. Хуулиараа, системээрээ төрийн албан хаагч нь авлига хээл хахуулиар тусалсан.

    - Улсын эдийн засгийн өнөөгийн байдлыг та хэрхэн харж байна вэ?
    - Эдийн засаг хүнд байгаа гэдэг ойлгомжтой зүйл. Энэ хүндрэлээс гарах аргаа хайж байна. Энэ хүндрэл зөвхөн ойрын хэдэн жилд болсон зүйл биш л дээ. Хамгийн наад зах нь 2013 оноос эхэлсэн. Энэ хүндрэлээсээ гарах гэж тухайн үеийн төр засаг мөнгөний бодлогоороо оролдож үзсэн. Түүний дараа 2014 оноос хоёр дахь засгийн газар нь төрийн сангийн бодлогод өөрчлөлт оруулах, татвар санхүүгийн реформ хийе тэгж байж энэ хүндрэлээс гаръя гэсэн ийм оролдлогууд хийгээд явж байна. Зарим улс төрчид үүний эсрэг байсан. Одоо өөрсдийнх нь нуруун дээр энэ ажил ирсэн байна. Өнөөдрийн Төвбанк энэ асуудлыг гардан авч хүндрэлээс гаргах хэрэгтэй. Гэхдээ энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд сүүлийн гурван жилийнхээ үйл явцад анализ дүгнэлт хийх хэрэгтэй байх.

    Эх сурвалж: www.medee.mn

    Latest 150
    Latest 150