• MN
  • EN
  • CN
  • RU
  • ШИЛДЭГ ААН-ҮҮДИЙН ТУГ ЖИЛИЙН ТУРШ НАМИРНА
    01/10/2018

    МҮХАҮТ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг онцлох аж ахуй нэгжийн хүндэтгэлийн туг өргөх ёслол боллоо. Аж ахуйн нэгж, бизнес  эрхлэгчдийн хийсэн бүтээснийг алдаршуулан өргөмжилдөг “Энтрепренер” шагнал гардуулах ёслолын ажиллагаанаас Гран-при шагнал хүртсэн болон  оны онцлох аж ахуйн нэгжээр шалгарсан арван компани МҮХАҮТ-ын гадна бүтэн жилийн турш компанийн лого бэлгэдэл бүхий тугийг мандуулдаг билээ. МҮХАҮТ төв байрныхаа гадаа эдгээр аж ахуйн нэгжийн жилийн турш мандуулахын сацуу сайн туршлагыг нь олон нийт, бусад компани, бизнес эрхлэгчдэд сурталчлах, таниулахад анхаарч ажилладаг юм.

    Туг залах ёслолыг нээж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав  эдийн засагт өсөлт авчирсан энтрепренерүүддээ талархал илэрхийлж амжилт хүслээ. Хэрэглэгч, харилцагчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн өөрчлөлт шинэчлэлт, хөрөнгө оруулалтуудыг хийж, шинэ техник технологи ноу хау нэвтрүүлж, нийгмийн хариуцлагаа амжилттай хэрэгжүүлсэн онцлох аж ахуйн нэгжийн төлөөллүүд тугаа  өргөж, монгол уламжлалаараа  буян хишгээ хурайлав.

    МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг

    “Энтрепренер 2017” ёслолын ажиллагаанаас шалгарсан 11 компани болон Ази Номхон Далайн орнуудын ХАҮТ/CACCI/-ын алтан цомын эзнээр шалгарсан компаниудын тугийг Танхимын гадна мандуулж бүтэн жилийн турш тэдгээр компаниуддаа хүндэтгэл үзүүлдэг.  Өнөөдөр тугаа мандуулж буй компаниуд эдийн засгийн хүндхэн нөхцөл байдалд ажлын байрыг хадгалж, компанийн нийгмийн хариуцлага болон бүхий л үйл ажиллагаа, шалгуур үзүүлэлтээрээ  өөрийн салбартаа манлайлжээ. Компани, аж ахуйн нэгжүүдийн хийморь лундаа өөдөө дээшээ байг гэх үүднээс туг мандуулах ёслолыг монгол түмний  уламжлалт цагаан сарын өмнө зохион байгуулж байна. Шилдгүүдийн тугийг  Танхимын өмнө залахаас гадна  сайн туршлагыг нь бид  жилийн турш олон нийтэд сурталчилдаг. 

    Мобиком корпорацийн нийгмийн хариуцлагын захирал З.Дорждэрэм

    Мобиком корпораци анх удаа Гран-при шагнал хүртэж байна. 2017 онд бид маш шаргуу ажилласан. Бүх аймаг,  40 гаруй сум сууринд өндөр хурдны 4G  сүлжээг нэвтрүүлж, хэрэглэгч нэг бүрд хандсан хэрэглээний багцын сонголтуудыг бий болголоо. Үүрэн телефоны анхдагч болохын хувьд өнгөрөгч 21 жилийн хугацаанд бид хамгийн олон дэд бүтцийн шинэ ажлуудыг хийсэн. 2017 онд 650 шинэ станц суурилууллаа. 100 гаруй тэрбум төгрөгийг зөвхөн техник технологид зарцуулсан.   

    Номин холдинг ХХК-ийн зөвлөх, АҮ-ийн гавьяат ажилтан А.Шагдарсүрэн

    -Танхимынхаа өмнө тугаа зална гэдэг билэг дэмбэрэлтэй, хийморь сүлд сэргэсэн сайхан үйл ажиллагаа юм. Бизнесийн төлөөллийн гол байгууллага болохын хувьд Танхим бол “шүншиг” шингэсэн газар. Олон шилдгүүдийн туг зэрэг намирна гэдэг буян хишиг хурайлан дуудахын эхлэл юм. Шилдгүүдийг харахад  улс орондоо нэр хүндтэй, ард түмэндээ хүрч ажиллаж чаддаг компаниуд байна. Номин холдинг  давхардсан тоогоор сардаа сая 200 мянган хүнд хүрч ажилладаг. Бид өнгөрөгч онд ISO9001, ISO14001, ISO18001 гурван стандартыг нэвтрүүлсэн зэрэг амжилттай ажиллалаа.

    2017 оныхоо ололт амжилт, үр дүнгээ үнэлүүлж оны онцлохоор шалгарсан дараах ААН-үүд  хүндэтгэлийн тугаа мандуулав 

    1. ГРАНПРИ Мобиком Корпораци ХХК
    2. Эрдэнэт Үйлдвэр ХХК
    3. АПУ ХК
    4. Сүү ХК
    5. ХААН Банк
    6. Энержи Ресурс ХХК
    7. Номин Холдинг ХХК
    8. Тэсо Корпораци ХХК
    9. М Си Эс Кока Кола ХХК
    10. Голомт банк
    11. Гоёл кашмер ХХК

    Latest 150
    Latest 150