• MN
  • EN
  • CN
  • RU
  • Элсээд жил болсон аж ахуйн нэгжүүд юу ярив ?
    02/22/2018

    МҮХАҮТ-аас элсээд жил болсон аж ахуйн нэгжүүдтэй уулзаж санал хүсэлтийг нь сонсох аяллыг тогтмол зохион байгуулдаг юм.  Энэ удаад  хууль зүйн зөвлөгөө, өмгөөлөл, гэрээт болон биечилсэн харуул хамгаалалт, үнэт эдлэл ,алт, мөнгөний  худалдааны салбарт ажиллаж байгаа Ар буян ХХК,  Үйлчилгээ болон зээлийн үйл ажиллагаа эрхэлж буй  Даймонд -Очир ББСБ,  хушны самрын идээ экспортлох, самар боловсруулах үйлдвэр, үйлчилгээний чиглэлээр  үйл ажиллагаа явуулж буй Номин гал компаниудтай танилцлаа.

    БИЗНЕСИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛД АНХААРАХ ЦАГ БОЛСОН

    Эхний орж танилцсан компани болох  Ар-буян компанийн Ерөнхий захирал  Ц.Ганболд  улс орны аюулгүй байдлыг сахин хамгаалах үйлсэд 20 гаруй жил ажилласан , Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг хангахад төр, иргэний нийгмийн байгууллага хамтран оролцоно гэсэн заалтын дагуу иргэн хүнийхээ хувьд үүргээ биелүүлэхээр энэ компаниа 2011 онд байгуулж  худалдаа дистрибьютер,  өмгөөлөл, хувийн болон бизнесийн аюулгүй байдал,  мэдээллийн технологийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллаж байгаа тухайгаа бидэнд танилцуулсан юм.  Мөн компанийнхаа дэргэд Аюулгүй байдлын академик сургалтын төв ажиллуулдаг, сүүлийн 20 гаруй жилийн турш аюулгүй байдал, хувийн хамгаалалт чиглэлээр 4000 гаруй мэргэжилтэн бэлтгэсэн туршлагатай нэгэн аж. Түүнчлэн  тус компанийн  дэргэд “Хамаг Монгол-хуульч” хууль зүйн товчоо, “Цагаан ирвэс” аюулгүй байдлын алба ажиллаж байна. Цаашдаа дэргэдээ мэргэжлийн нохой сургалтын төвтэй болохоор зорьж байгаа аж. Бизнесийн аюулгүй байдал гэдэг ойлголтыг бий болгох, түүнийг бүрэн утгаар нь хэрэгжүүлэхийг зорьж байгаа Ар-буян компанийн Ерөнхий захирал  Ц.Ганболдоос зарим зүйлийг тодруулж ярилцсан юм.

    - Бизнесийн аюулгүй байдал гэдэг ойлголтын талаар манай компаниуд хэр зэрэг мэдээ, мэдээлэлтэй байдаг юм бол? 

    - Дэлхийн ихэнх улс оронд бизнес эрхэлнэ гэдэг нэр төрийн хэрэг байдаг. Тиймээс бизнесийнхээ аюулгүй байдлыг сахин хамгаална гэдэг бизнес эрхлэгч хүний хувьд хамгийн чухал, нэн тэргүүний  асуудал юм. Харамсалтай нь манай компаниуд, бизнес эрхлэгчдийн ихэнх нь, бараг 80 хувь нь үүнд төдийлөн ач холбогдол өгдөггүй, энэ тал дээр мэдлэг мэдээлэл дутмаг байдаг. Гэхдээ томоохон зарим нэг компаниуд, банк санхүүгийн байгууллагууд энэ талын  мэдээлэлтэй, дэргэдээ аюулгүй байдлын албатай болж байна. Бидний зорилго бол энэ төрлийн үйлчилгээг бүх нийтэд хүртээмжтэй болгох явдал юм. Өнөөдөр манай улсад том ч бай жижиг бай бизнес эрхэлж байгаа хүн бүрд янз бүрийн дарамт ирж байна. Төрийн татвар, хураамж ,хүнд суртлын дарамтаас гадна гаднын болон дотоодын бүлэглэлүүд, үндсэрхэг үзэлтэй хөдөлгөөнүүд, төрийн бүх шатны албан тушаалтнууд, хэвлэл мэдээллийнхэн, ижил төрлийн бизнес, үйлчилгээ эрхлэгчдээс үзүүлэх дарамт шахалт, мэдээллийн аюулгүй байдал, хүний нөөцийн бодлогоо зөв зохион байгуулж чадаагүйгээс шинэ санаа, технологи НОУ-ХАУ-гаа алдах , гэмт хэргийн золиос болох гээд үй олон эрсдэл хүлээж байна. Энэ бүхэнд мэргэжлийн талаас нь зөвлөгөө тусламж үзүүлэх, биечлэн хамгаалах, аюулгүй байдлыг нь хангах тал дээр төр засгийн бодлого дутмаг учраас хувийн аюулгүй байдлын албуудад хандахаас өөр арга байхгүй.

    Олон бизнес эрхлэгч аюулгүй байдлаа хангаж байна гээд гэрээт эсвэл үндсэн харуул, хамгаалалт хөлслөх, камер тавих гэх мэтээр обьектдоо голдуу хамгаалалт хийдэг. Гэтэл эрхзүйн болон хувийн хамгаалалт, мэдээллийн технологийн эсвэл санхүүгийн хамгаалалтдаа төдийлөн хөрөнгө оруулалт хийдэггүй. Үүнээсээ болоод бизнесээ алддаг, булаалгадаг, томорч өсөж хөгжиж чаддаггүй , янз бүрийн дарамтуудаас өндийж чаддаггүй. Энэ бүх эрсдэлээс л бизнес эрхлэгчдийг хамгаалах нь бидний зорилго юм. Яг энэ асуудал дээр манайхан дэлхийн жишгээс үнэхээр хоцроод байна. 

    - Манай улсад маш олон хамгаалалтын алба ажилладаг шүү дээ. Танайх харин аюулгүй байдлын алба гэдэг нэртэй,  үйл ажиллагааны хувьд тэднээс ялгаатай юм байна гэж ойлголоо. 

    - Тийм. Манай улсад 460 орчим харуул хамгаалалтын алба байна. Энэ дунд чанаргүй, нэр төдий газар маш олон. Үүнээс болоод энэ албаны нэр хүнд ч унасан. Хатуухан  хэлбэл хамгаалалт гэдэг зүйлийг  харуул, манаач шиг ойлгуулдаг болсон. Тиймээс олон нийтийн болон бизнесийн аюулгүй байдлыг хангах,   аюулаас хамгаалах системийнх нь хувьд зөв хөгжүүлэхийн тулд  Аюулгүй байдлын алба гэдэг ойлголтыг бий болгох хэрэгтэй байна. Аюулгүй байдлын албаны ажилтнуудыг мэргэжлийн түвшинд сургах , ур чадвартай мэргэшсэн ажилтнууд бий болгох хэрэгтэй.Үүнийг цогцоор нь шийдэх нь л манай компанийн зорилго.

    ЗӨВЛӨЛӨӨР ДАМЖУУЛАН САЛБАРЫНХАА ТУЛГАМДСАН АСУУДЛЫГ ШИЙДДЭГ БАЙХ ХЭРЭГТЭЙ

    Анх 2011 онд байгуулагдсан Даймаонд-Очир ХХК  өнгөрсөн оны 4 дүгээр сард МҮХАҮТ-д элсжээ. Өмнө нь алт мөнгөний дарханы чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаад 2016 оноос банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх болсон байна. Энэ салбартаа харьцангуй шинэ тул бусад компаниудаас туршлага судлах, мэдээ мэдээлэл солилцох, танхимаас зохион байгуулдаг сургалтуудад ажилтнуудаа хамруулах хүсэлтэй байгаа юм байна. Өнөөдөр манай улсад  520 гаруй ББСБ байгаагийн тал хувь нь Монголын банк бус санхүүгийн байгууллагын холбоонд нэгдсэн юм байна. Даймаонд-Очир ХХК  ч мөн тэдний нэг юм.  Тэд мөн МҮХАҮТ-ын дэргэдэх Бичил санхүүгийн байгууллагын хөгжлийн  зөвлөлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож энэ зөвлөлөөр дамжуулан салбарынхаа өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдэхэд өөрсдийнхөө дуу хоолой, хувь нэмрийг оруулах хүсэлтэй байна.  Үндсэн үйл ажиллагаа нь санхүүгийн зээлийн үйлчилгээ учраас  зарим тохиолдолд  эрсдэл бий болох, чанаргүй зээлийн асуудалтай тулгардаг байна. Энэ асуудлыг шийдэхийн тулд ихэнхдээ шүүхэд ханддаг. Шүүхийн процесс удаан ,хугацаа их алддаг түүнийгээ дагаад бизнесийн алдагдал хүлээж байдаг  тухай компанийн захирал Б.Пүрэв-Очир ярилаа. МҮХАҮТ-ын дэргэд Монголын  Олон улсын болон Үндэсний Арбитр ажилладаг бөгөөд бизнесийн болон бусад гэрээ хэлцэлтэй холбоотой маргааныг шүүхээс илүү богино хугацаанд , чирэгдэл багатайгаар шийддэг онцлогтой юм.

    ЭКСПОРТОД ГАРАХАД  ЭКСПО ДЭМ БОЛЖ БАЙНА

    Номин гал ХХК-ийн Ерөнхий захирал Б.Ууганцэцэг сүүлийн  жилүүдэд экспортын бизнес эрхэлж байгаа тул МҮХАҮТ-аас гарал үүслийн гэрчилгээ авах,  Танхимаас зохион байгуулж байгаа гадаад үзэсгэлэнгүүдэд оролцох, сургалтад хамрагдах зэргээр МҮХАҮТ-тай идэвхтэй хамтран ажиллаж байгаа юм байна. Тэрээр 2007 оноос бизнес эрхэлж байгаа бөгөөд 2013 оноос идэвхтэй үйл ажиллагаа явуулах болсон байна. Өнөөдрийн байдлаар гэрээт болон байнгын 20 орчим ажилтантай , хуш модны самар боловсруулах үйлдвэрлэл эрхэлж өөрсдийнхөө үйлдвэрт боловсруулсан самраа 200гр, 5 кг, 25 кг-аар нь савлан БНХАУ-д экспортод гаргаж байна. Жилдээ дөрвөн тэрбум төгрөгийн борлуулалт хийж байгаа бөгөөд энэ жилээс бүтээгдэхүүнээ дотоодын зах зээлд борлуулж туршихаар болжээ. Хуш модны самар Монголчуудын хувьд эртнээс нааш хэрэглэж ирсэн хүнсний зүйл боловч үүнийг үйлдвэрийн аргаар боловсруулах, олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тал дээр дутмаг байгааг тэрээр анзаарч энэ чиглэлээр ажиллах төлөвлөгөөтэй байгаа юм байна. Энэ тухай бид түүнээс зарим зүйлийг тодруулж ярилцсан юм.

    - Хуш модны самрын боловсруулсан идээний борлуулалт дотоодын зах зээл дээр төдийлэн их биш байна гэж та ярилаа. Энэ юутай холбоотой вэ, үнэ өндөр байна уу эсвэл хэрэглээний соёл төлөвшөөгүй байна уу?

    - Манай компани 2015 оноос хуш модны самар боловсруулж БНХАУ-д гаргаж эхэлсэн. Савлагааны хувьд их хэмжээгээр гаргадаг, захиалга ч ихтэй. Харин саяхнаас үүнийгээ жижиг савлагаатай болгоод худалдаанд гаргаж үзсэн. БНХАУ-ын Эрээн хот дахь Чөлөөт худалдааны бүс дээр лангуу аваад бүтээгдэхүүнээ борлуулж байна.МҮХАҮТ-аас зохион байгуулсан хэд хэдэн үзэсгэлэн, экспод оролцсон.

    Хятадууд их сонирхож байна, борлуулалт ч муугүй байсан. Мэдээж бид Монголын зах зээлд гаргах сонирхолтой байна. Гэхдээ энэ маань зардал өндөртэй бүтээгдэхүүн гэтэл манай зах зээл жижиг. Гэхдээ бид бага гэж гололгүй Монголдоо борлуулахаар судалгаа хийж эхэлсэн. Дотоодын зах зээлд борлуулалт бага байдаг шалтгаан нь хэрэглээний соёлтой мөн холбоотой. Монголд  хуш модны самрыг гадаа гудамжинд ил задгай зардаг. Уг нь эрүүл мэндийн хувьд ач холбогдолтой, цэвэр органик энэ сайхан идээгээ зөв цэвэр орчинд зарж, идэж хэрэглээд үр шимийг нь зөв хүртээд сурчихвал их хэрэгтэй эд байгаа юм.   

    - Манайхан БНХАУ-руу самрыг хагас боловсруулаад гаргаж байна шүү дээ. Гэтэл үүнийг эцсийн бүтээгдэхүүн болгодог, олон төрлийн бүтээгдэхүүний орц найрлагад ашиглаж нэмүү өртөг шингээдэг үйлдвэрүүд нь илүү ашиг олж байна.Энэ тал дээр таны бодол ямар байна вэ?

    - Тиймээ үнэн. Манайхаас самрын идээ авдаг Хятадын үйлдвэрүүд цааш нь бүрэн боловсруулаад олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргаж байна. Саяхан би ОХУ-д Экспод оролцоод ирсэн. Оросууд ч манайхаас самар авах хүсэлтэй л байна. Гэтэл өөрсдөө дэлхийн хамгийн том экспортлогч бараг 90 хувийг нь дангаараа хангаж байгаа орон шүү дээ. Ерөнхийдөө бол Сибирийн нийт хуш модны 90 хувь нь ОХУ-д, 10 хувь нь манай улсад байна. Тэгэхээр тэнд хэрэглээ өндөр байна. Хушны самар оролцсон маш олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн байна.Манайхан бол одоо байгалийн жимсээр л хэдэн нэр төрлийн зүйл хийдэг, самраар бол бараг байхгүй байна. Харин Орост бараг бүх чихрийн үйлдвэрүүд хушны самартай чихэр хийж байна. Зөгийн бал, жимсний чанамал, архи гээд олон нэр төрлийн бүтээгдэхүүний нэмэлт орцонд самар орж байна. Тэгэхээр манайд ч бас үүнийг хийх боломж байна гэж би харсан. Зөвхөн Хятадын зах зээлээс гадна Солонгосын зах зээлийг, Европыг сонирхож үзсэн. Гэхдээ тэдний стандартыг хангахын тулд тоног төхөөрөмжөө сайжруулах зайлшгүй шаардлагатай. Тиймээс сав баглаа боодол, тоног төхөөрөмжөө шинэчлэх зэрэгт юун түрүүнд анхаарч байна. Ямар ч байсан 2018 онд манай бүтээгдэхүүн дотооддоо борлуулагдаж эхэлнэ.

    - Экспортод хүнсний бүтээгдэхүүн гаргаж байгаа компаниудын хувьд тулгамдаж байгаа гол бэрхшээл нь юу вэ?

    - Манай компанийн хувьд гол бэрхшээл бол мэргэжлийн хяналтын байгууллагын хүнд суртал. Экспорт хийх, ачуулах болгонд мэргэжлийн хяналтын байгууллагаас бичиг авна. Гэтэл үүнийгээ цаг хугацаанд нь өгдөггүй, хүнд суртал гаргадаг. Олон хоногоор дарга нарын үүд сахих ч хэрэг гарна.Энэ асуудлыг шийдэх мөн хөрөнгө оруулалт татах, хөнгөлөлттэй зээл олох гэх мэт асуудлаар МҮХАҮТ-тай хамтран ажиллах хүсэлтэй байна. Мөн БНХАУ-ын Хорио цээрийн асуудал ялангуяа үзэсгэлэн худалдаанд оролцох үед асуудал болдог. Гэхдээ энэ тал дээр Танхимыг сайн ажиллаж байна гэж миний хувьд үнэлж байна.

    - За баярлалаа.    

    Тэмдэглэсэн  Х.Солонго 

    Latest 150
    Latest 150