• MN
  • EN
  • CN
  • RU
  • Хийсэн бүтээснээ дүгнэж, брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн дэлгэв
    02/22/2018

    МҮХАҮТ 21 аймаг дахь салбар Танхимуудаар дамжуулан бизнесийг дэмжих өмгөөлөх чиглүүлэх үйл ажиллагаа явуулдаг. Өнөөдөр Танхимын салбарууд  2017 оны ажлаа дүгнэж тайлангийн хурлаа хийж байна. Өнгөрөгч онд  Салбар Танхимууд орон  даяар явуулсан Өрсөлдөх чадварын судалгаа, Бизнесийн орчны судалгаа, Сэтгэл ханамжийн судалгаа, Бизнесийн итгэлийн индекс зэрэг  судалгаанд оролцож, орон нутгийнхаа бизнес эрхлэлтийн орчныг үнэлүүллээ. Бизнес эрхлэх шинэ санаачилгыг өрнүүлэх, орон нутагт үнэ цэнэтэй бизнесүүдийг бий болгох зорилготой  “Энтрепренер чэллэнж” хөтөлбөр Баян Өлгий, Ховд, Увс, Хөвсгөл аймгуудад амжилттай  хэрэгжсэн байна. Баруун бүсийн чуулга уулзалт Баян Өлгий аймагт, Хангайн бүсийн өрсөлдөх чадварын чуулган Хөвсгөл аймагт зохиогдож   бизнес эрхлэгчдийн дуу хоолойг сонсов.

    Мөн Германы ХАҮТ-уудын Холбоотой хамтран хэрэгжүүлж буй “Sequa” төслийн багийнхан Архангай аймагт Ноос угаах баг төв, Увс аймагт Тэрэм хадны усалгааны шуудууг нээж ашиглалтыг зарлажээ. Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Монгол, Орос, Хятадын ХАҮТ-уудын дээд хэмжээний чуулга уулзалт, БНХАУ-ын Манжуур хотноо зохиогдсон олон улсын худалдаа эдийн засгийн форум, Монгол Хятадын II экспо, чуулга уулзалтуудад  салбар Танхимууд өргөн бүрэлдэхүүнээр  оролцлоо.

    Түүнчлэн  Дорнод дахь ХАҮТ-ын 10 жил, Орхон аймаг дахь  ХАҮТ-ын 20 жилийн тэгш ой тус тус тохиож, салбаруудын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлжээ. Үйлдвэрүүд үзэж танилцах, хамтын ажиллагааг өрнүүлэх зорилготой “Chamberbus” аялал  13 удаа зохион байгуулагдаж 12 аймгийн Салбар танхимын 434 бизнес эрхлэгчийг хамруулсан зэрэг амжилтуудаар өнгөрөгч оныг үдлээ. Салбар Танхимуудын тайлангийн хурлын үеэр  21 аймгийн брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэнг зохион байгуулж байна.  Шалгарсан брэнд бүтээгдэхүүнүүд Имартын сүлжээгээр нийслэлийн хэрэглэгчдэд хүрэх ажээ.

    Latest 150
    Latest 150