• MN
  • EN
  • CN
  • RU
  • Татварын багц хуулиудад саналаа өгөхийг зөвлөв
    03/15/2018

    Бизнес эрхлэхэд бэрхшээлтэй зүйл юу байна, Танхимаас ямар дэмжлэг хүсмээр байна гэж асуудаг, компаниудаар зочилж ярилцдаг, уулзалт   аялалд МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав оролцлоо. Энэ удаад Танхимын классик гишүүн “Агриматко ХХК, голд гишүүн МайМонСоорс ХХК, классик гишүүн Өлзийт Сан ХХК-иудаар зочиллоо.  

    Эрүүл мал, эрүүл хөрс = Эрүүл хүнс

    Бид хамгийн түрүүн   “Агриматко” компаниар зочлов. Тус компани Пакистанаас гаралтай,  дэлхийн 55 улсад салбартай аж. Манай улсад  2012 онд салбарлан байгуулагджээ. Малын эм, ургамал хамгаалалын бэлдмэлийн импорт  чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.  45 нэр төрлийн  малын эмийн бүртгэлийг хийлгэсэн нь  хамгийн олон буюу дотоодын   зах зээлийн эзлэхүүнээр хоёрт бичигдэх амжилт гэнэ. Ер нь эмийг бүртгүүлэх нь наад зах нь зургаан  сар,  ургамал хамгааллын бэлдмэлд бүр хоёр жил шаардагдаж  гурван  яамнаас зөвшөөрөл авдаг тухайгаа ярив. Шүлхий зэрэг малын өвчлөлд хувийн компаниудаас вакцин авдаггүй юм байна. Төр худалдан авалтад оролцсоноор хавар хийгдэх ёстой вакцин сунжирч явсаар намар хийгддэг. Хятадаас хууль бусаар, хямд үнээр оруулж ирдэг вакцин бэрхшээл учруулдаг.  200 гаруй ургамлыг 5 бодисоор хамгаалдаг.  2016 онд шаардлагатай хамгаалах бодисын 10 хувийг оруулж ирсэн.  Бодисыг 2 жил тутамд солих ёстой атал манайх 10 жил нэг бодисоо хэрэглэдэг. Жишээ нь улаан буудайг хавар тариад намар хураагаад авчихдаггүй. Ургац нэмэгдүүлэх, ургамал хамгаалах гэсэн  асуудал бий. Хамгийн гол нь энэ арга нь  байгаль экологид хоргүй, шинжлэх ухааны үндэстэй байхыг бодох хэрэгтэй. Бидний хийж байгаа ажил, мал эрүүл байх нь, хөрс эрүүл байх нь эцэстээ хүнсний аюулгүй байдалтай холбогддог. Малчид тариаланчдад хандсан эмийн зохистой хэрэглээ, хорын зохистой хэрэглээ сэдвээр   боловсрол олгох сургалт аймгуудаар хийж байгаа, Монгол орноо тойрох төлөвлөгөөтэй.  Энэ мэтчилэн бодлогын чанартай зүйлд манай компани анхаарч байна. Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт эрдэм шинжилгээний бүтээл, инноваци нэвтрүүлэх шаардлагатай байна хэмээн гүйцэтгэх захирал Б.Тулга ярилаа.

    Анхны эко оффисыг ашиглалтад оруулна

    Эрчим хүчний тоног төхөөрөмжийн угсралт засвар үйлчилгээ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “МайМонСоорс” компаниар зочиллоо. Ерөнхийдөө үйл ажиллагаагаа худалдаа,  угсралт гэсэн хоёр чиглэлд хуваажээ.  2008 онд байгуулагдсан, 100 хувь үндэсний хөрөнгө оруулалттай компани аж. Эрчим хүчний хэрэгцээг өөрийн тоног төхөөрөмжөөр шийдэж 90 гаруй томоохон төслийг хэрэгжүүлсэн байна. 250 гаруй ажилтантайгаас  65 хувь эрчим хүчний мэргэжлийн хүмүүс. 100,000 харилцагч үйлчлүүлэгчидтэй, 13 брэндтэй хамтарч ажилладаг гэв. Монголын анхны эко оффис төсөл хэрэгжүүлж байгаа талаараа ярилаа. Энэ оны IV улиралд ашиглалтад оруулахаар чармайж байна гэв. Энэхүү эко оффис агаар сэлгэлт, эрчим хүч,  ус дулаан хэмнэлтийн хамгийн сүүлийн үеийн оновчтой  шийдлийг нэвтрүүлсэн байх юм. Худалдаа маркетингийн захирал Э.Мөнх Эрдэнэ “Төсөл хөтөлбөрүүдтэй хамтран ажиллахад цаанаасаа стандарт тогтоож өгдөг, тэрхүү стандартуудад нийцүүлж хийдэг учраас тэр хэрээр бид хөгжсөн. Харин Монгол улс даяар нэгдсэн шинэчилсэн стандарттай болмоор байна. Манай стандарт гологддог.  Хэрвээ олон улсынхтай дүйцэхүйц стандартуудыг нэвтрүүлээд эхлэвэл үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ. Түүнээс гадна төрөөс тендэр зарладаг. 30 сая төгрөгт багтаана гэсэн байхад зарим аж ахуйн нэгжүүд 15 сая төгрөгт багтаагаад өмнөд хөршөөс оруулаад ирдэг. Тендерийн журамд хамгийн бага үнийг сонгох тухай заасан байдаг учраас хамгийн хямд, хамгийн чанаргүйг сонгодог. Тоног төхөөрөмж чанаргүй учраас ойр ойрхон солих хэрэг гарч түмний мөнгө үр ашиггүй зарцуулагдаж байгаад  анхаараасай гэв.  

    Үйлчилгээний салбарт хүний нөөц дутагдалтай байна

    Үйлчилгээ, уушийн газрын анхдагчдын нэг болох “Өлзийт сан” компанийн  үйлчилгээтэй танилцлаа. Үйлчилгээний салбар гэдэг хүнийг хөдөлмөрт сургаж,  хөдөлмөрийн хүнийг бэлддэг. Зөөгч, тогооч бэлтгэх сургалтууд чанар муутай, тэр хэрээр хүний нөөцийн бэрхшээл байнга тулгардаг талаар ярилаа. Түүнчлэн НӨАТ-ын 2 хувийн урамшуулалыг  ААН-үүдэд мөн  олгож эхлэвэл нэг төрлийн хөшүүрэг болох талаар саналаа хэлэв. Нөгөөтэйгүүр  ажиллах хүчнийг оновчтой, тогтвортой ажиллуулахад  цагийн хөлс, цайны мөнгө гэсэн урамшууллыг нэвтрүүлэх талаар Танхимын ерөнхийлөгч санаа өгөв.

    Танхимын үйл ажиллагаа бүтээгдэхүүн үйлчилгээг ойртуулах, гишүүн байгууллагын зүгээс үйл ажиллагаагаа явуулахад тохиолдож буй хүндрэл, бэрхшээлийг судлах, уялдаа холбоог сайжруулах зорилго бүхий энэхүү аялалаар ерөнхийлөгч Б.Лхагважав энэ мэт санаа оноо ярилцаж  компаниудад  Татварын багц хуулиудад санал өгөхийг зөвлөв.

    Latest 150
    Latest 150