• MN
  • EN
  • CN
  • RU
  • ОНЫ ОНЦЛОХ АЖ АХУЙН НЭГЖ ХААН БАНКААР ЗОЧИЛЛОО
    03/22/2018

    - Амьдралдаа ахиухан, банкинд бага зарцуулахыг уриалав -

    Банкинд дугаарлах цагаа цахим үйлчилгээгээр хэмнэж, амьдралдаа илүү их цаг зав зарцуулах боломжийг үйлчлүүлэгчдэдээ олгож буй ХААН банкны нэг өдрийн үйл ажиллагаатай МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш тэргүүтэй мэргэжилтнүүд болон танхимын гишүүн ААН-ийн төлөөлөгчид танилцлаа.

    Тус банк нь 2017 онд  Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан хэд хэдэн үзүүлэлтээр “Оны онцлох аж ахуйн нэгж байгууллага”-аар шалгарсан бөгөөд МҮХАҮТ-аас онцлох аж ахуйн нэгжүүдээр аялж, туршлага солилцдог уламжлалын дагуу уг арга хэмжээг зохион байгуулсан юм.

    Төлөөлөгчид ХААН банкны төв байр “ХААН банк цамхаг”-т зочлон ажилчдын тав тух, ажиллах орчин нөхцлийг хэрхэн хангасантай танилцаж, ХААН галерейг үзэж сонирхлоо. Мөн тус банкны хамгийн сүүлийн үеийн үйлчилгээ, шинэлэг бүтээгдэхүүнүүдийн талаар мэдээлэл авлаа.

    ХААН банк нь Монгол Улсын нийт өрхийн 70 гаруй хувьд банк санхүүгийн иж бүрэн үйлчилгээг улс орны өнцөг булан бүрт хүргэж, улсын хэмжээнд хийгдэж буй нийт цахим гүйлгээний 80 хувийг дангаар гүйцэтгэж буй тэргүүлэгч төдийгүй анхдагч арилжааны банкуудын нэг юм.  

    Өнгөрөгч онд тус банк цахим банкны   хэрэглээг нэмэгдүүлэх, теллерийн гүйлгээний ачааллыг бууруулах чиглэлд анхаарч ажилласны үр дүнд орон даяар 130 гаруй Экспресс банк, 1000  гаруй АТМ, 4500 гаруй КҮБ, 6100 гаруй ПОС машинтай болж, дэвшилтэт технологийг нэвтрүүлэн салбартаа тэргүүлсэн байна. Мөн Монголд анх удаа QR кодоор төлбөр төлөх QPay үйлчилгээг, фейсбүүк найзууд руугаа гар утасны дугаараар ойролцоо байршлаар мөнгөн шилжүүлэх боломжтой Khan Pay үйлчилгээг нэвтрүүлснээ танилцах аяллын үеэр танилцууллаа.

    Түүнчлэн Монголд анх удаа эмэгтэйчүүдэд зориулсан Глэмор кредит картыг зах зээлд нэвтрүүлж, жижиг, дунд бизнес эрхлэгчиддээ зориулан банкны цогц үйлчилгээг нэг дороос авах “ХААН Бизнес” үйлчилгээ, оргилд тэмүүлэгч, манлайлагч залууст зориулсан Signature үйлчилгээг зэргийг шинээр нэвтрүүлэн, харилцагчиддаа санал болгосон зэрэг нь оны онцлох ААН болоход түлхэц болжээ.

    ХААН Банк нь санхүүгийн үзүүлэлт, банкны салбарт нэвтрүүлсэн бүтээгдэхүүн үйлчилгээ, шинэлэг дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн байдал зэргээрээ тэргүүлэхээс гадна нийгмийн хариуцлагаар манлайлж, 2017 онд  хүн ард, нийгмийн сайн сайхны төлөө оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэн 20 гаруй төсөл хөтөлбөрийг 350 сая төгрөгөөр санхүүжүүлэн хэрэгжүүлснээ танилцах аялалд хамрагдсан танхимын гишүүн ААН-үүдэд танилцууллаа.

    Latest 150
    Latest 150