Чингэлтэй дүүргийн залуусыг бизнесийн Personal MBA (P-MBA) хөтөлбөрт сургана
МҮХАҮТ-аас хэрэгжүүлж буй Бизнесийн Сэргэлт Үндэсний Хөтөлбөрийн хүрээнд 10 000 залуусын бизнесийн мэдлэгийг тэлэх, тэдэнд бизнесийн салбарт системтэй үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой Personal MBA (P-MBA) сургалтанд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн залуусыг хамруулахаар МҮХАҮТ, Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ хүрээнд ЧД-ийн 500-1000 залуусыг Personal MBA (P-MBA) хөтөлбөрт хамруулан сургах юм.
Энэхүү санамж бичгээр талууд мөн жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бизнесийн таатай орчин бүрдүүлэх, дүүргийн бизнес эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг гадаад, дотоодын зах зээлд гаргахад хамтран ажиллахаар тогтлоо. Түүнчлэн МҮХАҮТ-ийн гишүүн үндэсний томоохон аж ахуй нэгжүүд болон гадаадын хөрөнгө оруулагчдыг ЧД-ийн бизнес эрхлэгчидтэй холбох, МҮХАҮТ-ын дэргэд хэрэгжиж буй Олон Улсын Худалдааны Төв (ITC)-ийн SheTrades санаачилгын хүрээнд эмэгтэй бизнес эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, чадавхжуулах, санхүүгийн хүртээмжтэй байдлыг бий болгох чиглэлд хамтран ажиллахаа МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл нар илэрхийллээ.