Эрээн хотын олон улсын худалдаа хөрөнгө оруулалтын чуулга уулзалт, үзэсгэлэн нээлтээ хийлээ.
Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг "Эрээн хотын олон улсын худалдаа хөрөнгө оруулалтын чуулга уулзалт, үзэсгэлэн" 2024 оны 8 дугаар сарын 19-25-ны өдрүүдэд Эрээн хотын Олон улсын хурал үзэсгэлэнгийн төвд зохион байгуулагдаж байна. Энэ жилийн хувьд Танхимын зүгээс тус үзэсгэлэнд хүнс, арьс шир, ноос ноолуур, монгол дээл хувцас, гар урлал зэрэг Монгол Улсын үндэсний брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 60 гаруй ААН-ийг зохион байгуулан оролцож байна.
Үзэсгэлэнгийн нээлтэнд МҮХАҮТ-ын дэд захирал Ц.Магнайбаатар оролцож, нээлтийн үг хэллээ. Нээлтийн үгэндээ: Экспортын бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, хоёр орны уул уурхайн бус худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх тал дээр Монголын хүнс, эрүүл мэнд, гоо сайхан зэрэг бүтээгдэхүүнийг Хятадын хэрэглэгчид ихээхэн сонирхдог боловч Хятадын хилийн хорио цээр, импортын бараанд тавигдах хяналт шалгалтын шаардлага хангахгүй, бүтээгдэхүүний онцлогт нийцсэн гаалийн бүрдүүлэлт хийхэд нарийн мэдээлэл хангалтгүй, бодит туршлага дутмаг зэрэг олон асуудал үүсдэг бөгөөд үүнд анхаарч Хятадын гаалийн байгууллагатай нягт хамтран ажиллаж, чиглүүлж, дэмжин ажиллах чухал шаардлага байна хэмээлээ.