ЛАБОРАТОРИУДЫН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМИЙН ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ ТАЛААР ЗӨВЛӨЛДӨВ
МҮХАҮТ-ын дэргэдэх Итгэмжлэгдсэн лабораторийн зөвлөлөөс (2022 оны 09 дүгээр сарын 19-нд) “Лабораториудын мэдээллийн системийн чадавхыг бэхжүүлэх нь” сэдэвт уулзалт семинарыг зохион байгууллаа. Цахим системийн шилжилт эрчимтэй явагдаж байгаа өнөө үед лабораторийн үйл ажиллагаанд LIMS программыг нэвтрүүлэх, түүнийг хөгжүүлэх боломж, давуу талууд болон лаборатори итгэмжлэлийн үйл ажиллагаанд LIMS системийн гүйцэтгэх үүргийн талаар танилцуулж, туршлага хуваалцав.
Уулзалтад Химийн хүрээлэн, Нийгмийн эрүүл мэндийн лавлагаа лаборатори, Ус сувгийн удирдах газрын лаборатори, Геологийн төв лаборатори, Иргэний нисэхийн үндэсний төвийн лаборатори, Зэвсэгт хүчний нэгдсэн төв лаборатори, ” Энержи ресурс” ХХК, “Монос хүнс” ХХК, “Барловорлд Монголиа” ХХК, “МCS Coca-Cola” ХХК зэрэг улсын болон хувийн хэвшлийн 40 орчим лабораторийн 50 гаруй мэргэжлийн хүмүүс оролцсон юм.
Уулзалтаар Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, “Текеномикс Монголиа” ХХК лабораториуд нь үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлсэн системийн талаар туршлага хуваалцан, MNS ISO/IEC 17025 стандартын шаардлагыг хэрхэн хангаж, уялдаж ажилладаг талаар мэдээлэл хийлээ. Мөн 10 гаруй лабораторид мэдээллийн системийг амжилттай нэвтрүүлсэн “Дижитал медикал” ХХК илтгэл тавьж лабораторийн мэдээллийн системийг нэвтрүүлэх, хөгжүүлэх талаар зөвлөгөө өгөв.