МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн олон улсын тээвэр зуучлагчдын холбооны их хуралд оролцов
МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн 2022 оны 9 дүгээр сарын 12-16-ны өдрүүдэд БНСУ-ын Бусан хотноо зохион байгуулагдсан Олон улсын тээвэр зуучлагчдын холбоо (FIATA: Fédération Internationale des Associations de Transitaires et Assimilés)-ны Их хуралд оролцлоо.
Ковид-19 цар тахлын нөлөөгөөр дэлхий дахинд нийлүүлэлтийн сүлжээний тасалдал үүсч, урьд өмнө тулгарч байгаагүй цаг үеийг улс орнууд, нийлүүлэлтийн сүлжээнд оролцогчид даван туулж, зардал багатайгаар шийдвэрлэхийг эрмэлзэж байна. “FIATA World Congress 2022" эдгээр тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлжээ.
“FIATA World Congress 2022”:
- Мэдээллийн технологийн нэгдсэн арга хэмжээ – хөгжүүлэлт, тээвэр логистикийн үйл ажиллагаанд дижиталчлалыг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх, улс орнууд нэгдсэн платформ бий болгож эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх
- Ногоон эдийн засгийг төгөлдөржүүлэх зорилтыг улс орны тээврийн байгууллагуудад уриалан хариуцлагатай тээвэр логистикийг хөгжүүлэх
- Хөгжлийн тогтвортой байдлыг хангах, бүх талын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх ерөнхий агуулгын хүрээнд явагдаж шинэ хэвийн байдал, улс орнуудад тулгарч буй хүндрэл бэрхшээл, дэлхийн эдийн засаг – нийлүүлэлтийн сүлжээний өөрчлөлт, хоол хүнс, эрчим хүчний логистикийн хомсдол зэрэг тодорхой нөлөө үзүүлдэг хүчин зүйлүүдийн талаар хэлэлцэв.
FIATA (Fédération Internationale des Associations de Transitaires et Assimilés) буюу Олон улсын тээвэр зуучлагчдын холбоо нь 1926 онд Австри Улсын Вена хотод үүсгэн байгуулагдсан, дэлхийн 150 орчим орны тээвэр зуучлагчдыг төлөөлдөг, гишүүнчлэлд суурилсан төрийн бус байгууллага юм. FIATA-гийн гишүүнчлэл нь дэлхийн хэмжээнд 40,000 тээвэр зуучлал, логистикийн компаниудыг төлөөлдөг 113 холбооны гишүүн, 5,500 гаруй бие даасан гишүүнээс бүрддэг төдийгүй Дэлхийн худалдааны байгууллага, НҮБ -д саналын эрхтэйгээр оролцдог олон улсад нөлөө бүхий томоохон байгууллагуудын нэг юм.
FIATA нь олон улсын болон тээврийн байгууллагууд, Засгийн газруудтай идэвхтэй хамтран ажиллаж, салбарынхаа ашиг сонирхлыг дэмжих, хамгаалах замаар гишүүдийнхээ эрх ашгийг төлөөлөх үүрэг хүлээдэг аж.