“Улаанбаатар Түншлэл-2022” Олон Улсын Үзэсгэлэн маргааш нээлтээ хийнэ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран “Улаанбаатар түншлэл-2022” олон улсын үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. 47 дахь жилдээ зохион байгуулагдаж буй үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээ маргааш (2022.09.22) 15:00 цагт Мишээл экспо төвд болно.
Энэ удаагийн үзэсгэлэнд Бүгд Найрамдах Беларус Улс, Малайз, Оросын Холбооны Улс, Тайваниас олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн, ХАА-н бүтээгдэхүүн, ХАА-н тоног төхөөрөмж, эм, эмийн бүтээгдэхүүн, боловсролын салбар, модны үйлдвэр, ус цэвэршүүлэх төхөөрөмж, тээвэр ложистикийн салбарын 70 гаруй аж ахуй нэгжийн төлөөлөл хүрэлцэн ирж оролцож байна.
Мишээл экспо төвд Монгол Улсыг зорин ирсэн гадаадын байгууллагуудтай В2В (бизнес уулзалт хийх) уулзалтын цэгийг тусгайлан зассан бөгөөд түнш байгууллага хайж буй импортлогч аж ахуйн нэгжүүд “Улаанбаатар түншлэл-2022” үзэсгэлэн яармагт оролцон, бүтээгдэхүүн, үйлчилгээг нь бодитоор үзэж танилцан, түншлэх боломжтой юм.
Гадаад, дотоодын 100 гаруй ААН доорх нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээгээр оролцож байна:
- Хүнс, хүнсний бүтээгдэхүүн
- Хөнгөн үйлдвэрийн салбар
- Эмнэлэг, эрүүл мэндийн бүтээгдэхүүн
- Барилга, барилгын материал, жижиг тоног төхөөрөмж
- Мэдээллийн технологи
- Банк санхүүгийн болон бизнесийн зөвлөх үйлчилгээ
- Шинэ техник, технологи, инноваци