Малайзын бизнес эрхлэгчидтэй уулзлаа
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин өнөөдөр нээлтээ хийж буй “Улаанбаатар түншлэл-2022” үзэсгэлэнд оролцогч Малайзын Олон улсын худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч Кристина Тии, Малайзын дунд түвшний компаниудын консорциумын Ерөнхийлөгч Каллум Чен болон Дэд Ерөнхийлөгч Мартин Анг тэргүүтэй бизнес эрхлэгчдийг хүлээн авч уулзлаа.
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ “Хөдөө аж ахуйн түүхий эд болон бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх боломжтой улсын хувьд Малайзын өндөр технологийг Монголд нутагшуулах, хамтарсан үйлдвэр байгуулах боломжийг харж байна. Хоёр талын бизнесийг холбоход хамтран ажиллаж, бүх талаар дэмжлэг үзүүлнэ” гэдгээ илэрхийллээ.
Малайзын бизнес эрхлэгчдийн зүгээс “Улаанбаатар түншлэл-2022” үзэсгэлэнд оролцохын зэрэгцээ Монгол Улсын бизнес, эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчинтой танилцахад таатай байна. Хүн амын хувьд залуу, геополитикийн хувьд их гүрнүүдтэй хиллэж байгаа, худалдааны коридор болох боломжтой улс байна. Монгол Улстай хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхээс гадна Төв Ази, ОХУ-ын зах зээлд ре-экспорт хийх сонирхолтой байгаагаа дурдлаа.
Малайзын дунд түвшний компаниудын консорциумд үйлдвэрлэлийн салбарт 11 сая гаруй ам.доллар, үйлчилгээний салбарт 4 сая гаруй ам.долларын эргэлттэй компаниуд багтдаг байна. “Улаанбаатар түншлэл-2022” үзэсгэлэн Мишээл экспо төвд 9 дүгээр сарын 22-25-ныг дуустал зохион байгуулагдах бөгөөд тус улсаас 10 томоохон үйлдвэрлэгч компанийн 24 бизнес эрхлэгч оролцож байна.