Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн нар МҮХАҮТ-ын удирдлага болон бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн нар /2022.09.27/ Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын /МҮХАҮТ/ удирдлага болон бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, цаг үеийн нөхцөл байдлын талаар санал солилцлоо.
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин цар тахлын дараах бизнесийн нөхцөл байдлын талаар хийсэн судалгааны тайлан болон цар тахлаас үүдэлтэйгээр бизнес эрхлэгчдийн өмнө тулгамдаад буй асуудлуудын талаар Улсын Их Хурлын даргад танилцуулсан. Бизнес эрхлэгчдийн зүгээс хилийн боомтын болон тээвэр логистикийн асуудлыг шийдэх, хөнгөлөлттэй зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, татварын дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгааг илэрхийлж байлаа. Цар тахлын үед бизнес эрхлэгчдийн 71 хувь нь банкнаас зээл хүсэхэд тэдгээрийн 27 хувь нь зээлээ шийдүүлж чадсан байна. Түүнчлэн эргэлтийн хөрөнгөгүйгээс үйл ажиллагаа нь саатахад хүрсэн тухайгаа тайлбарлалаа.
Эх сурвалж: www.parliament.mn