ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын төлөөлөлтэй уулзлаа
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Агентлаг (Jica)-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи, орлогч дарга Ёшимүра Токүжи, Хөдөө аж ахуй, хувийн хэвшлийн хөгжлийн асуудал хариуцсан төлөөлөгч Накамүра Кэйго, Хөдөө аж ахуйн салбар хариуцсан мэргэжилтэн Ө.Жавхлан, Хувийн хэвшлийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Болор нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан Танхимын үйл ажиллагааны талаар, ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Танака Шиничи тус байгууллагын Монгол Улс дахь хамтын ажиллагаа болон хувийн хэвшлийн түншлэл, хэрэгжүүлсэн томоохон төсөл хөтөлбөрүүдийн талаар тус тус танилцуулав.
МҮХАҮТ нь ЖАЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагын “Монгол Улсын Хөдөө аж ахуйн салбарын нэмүү өртгийн сүлжээний мастер төлөвлөгөө боловсруулах төсөл (MONMAP)” -тэй хамтран ажиллаж байна.
Түүнчлэн Монгол Улсын эдийн засгийн цаашдын боломж, Японы ААН-ийг Монголын зах зээлд нэвтрэхэд чиглэсэн хамтарсан сургалт, семинарыг зохион байгуулах, ЖАЙКА-аас зохион байгуулдаг сургалтуудад хувийн хэвшлээс хамрагдах боломж, хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх талаар санал солилцлоо.