Монгол, ОХУ, БНХАУ-ын ХАҮТ-уудын Худалдаа, Эдийн Засгийн XVI Нэгдсэн Чуулган болно
МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хоёр жил завсарласан “Монгол, ОХУ, БНХАУ-ын танхимын дээд түвшний уулзалт”-ыг энэ оны 11 дүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулахтай холбогдуулан Хятадын Олон Улсын Худалдааг Дэмжих Хороо (CCPIT)-той бэлтгэл ажлын уулзалт хийлээ. Арга хэмжээнд тус улсын зүгээс худалдааг дэмжих байгууллага, ХАҮТ-ууд болон бизнес эрхлэгчдийн төлөөлөл хүрэлцэн ирж оролцох юм.
ХАҮТ-уудын худалдаа, эдийн засгийн чуулган, дээд түвшний уулзалтыг 2004 оноос эхлэн худалдаа, эдийн засгийг өргөжүүлэх, бизнесийн олон талт хамтын ажиллагаа болон хил орчмын худалдааг дэмжих чиглэлээр зохион байгуулж ирсэн билээ.
2019 онд XV удаагийн ОХУ-Монгол Улс-БНХАУ-ын ХАҮТ-уудын нэгдсэн чуулган ОХУ-ын Красноярск хотод зохион байгуулагдсан бол XVI удаагийн Монгол Улс-БНХАУ-ОХУ-ын ХАҮТ-уудын нэгдсэн чуулганыг 2022 оны 11 дүгээр сарын 8-10-ны хооронд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэл ажлыг эхлүүлээд байна.
Мөн Хятадын Олон Улсын Худалдааг Дэмжих Хороо (CCPIT)-той хийсэн уулзалтын үеэр Цар тахлын дараах нөхцөл байдал болон бүс нутгийн геополитикийн нөхцөл байдалтай уялдуулан хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, эдийн засгийн коридорыг бэхжүүлэх, гадаад худалдаагаа нэмэгдүүлэх, ингэхдээ олон улсын жишгийн дагуу харилцан ашигтай ил тод худалдааг дэмжих, хууль бус далд худалдаатай тэмцэхэд хамтран ажиллахаар санал солилцлоо.
Уулзалтын дүнд 2019 онд зохион байгуулсан Монгол-Хятадын III экспогийн үеэр эхлүүлсэн ч цар тахлын үед түр зогсоод байсан “Улаанбаатар экспо төв” барих төслийг сэргээхээр тохиролцлоо. БНХАУ-ын Экспорт, импортын банк (Экзим)-ны хөрөнгө оруулалтын зээлийн санхүүжилтээр хийгдэх уг төслийг Олон Улсын Худалдааг Дэмжих Хороо (CCPIT)-той дэмжиж ажиллахаа илэрхийлэв.