"Цар тахлын үеийн бизнесийн нөхцөл байдал ба сургамж" танилцуулга хийлээ
ОБЕГ, УОК-ын Ажлын албанаас НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран зохион байгуулсан "Коронавируст халдвар (ковид-19)-ын цар тахлын үеийн удирдлага, зохион байгуулалт, туршлага, сургамж, цаашдын чиг хандлага" сэдэвт хуралд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин оролцож, "Цар тахлын үеийн бизнесийн нөхцөл байдал ба сургамж" сэдвийн хүрээнд илтгэл танилцууллаа.
МҮХАҮТ-ын хувьд БНХАУ-д Ковид-19 вирусийн халдвар гарсан цагаас эхлэн хөл хорионы бизнес дэх нөлөөллийн судалгааг удаа дараа явуулж, эдийн засгийн эрсдэлийг удирдах, цар тахлын нөлөөлөлд өртсөн бизнес эрхлэгчдийг хамгаалах, дэмжлэг үзүүлэх саналуудыг Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газарт тогтмол хүргүүлж, хатуу хөл хорионы үед бизнесийг шат дараатай нээх, хилийн боомтууд дээр үүссэн асуудлыг шийдвэрлүүлэх, аж ахуй нэгжүүдэд тулгарсан асуудлуудыг шийдвэрлэх талаар Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комисстой хамтран ажилласан гэв.
Мөн Цар тахлын үед бизнесүүдэд тулгамдсан асуудлыг тодорхойлох, шаардлагатай дэмжлэг, Засгийн газарт санал хүргүүлэх зорилгоор нийт 6 судалгаа явуулж, 5 уриалга гаргасан байна.
Уг хурлаас холбогдох байгууллагуудад хандсан зөвлөмж гарсан бөгөөд "Гамшгийн үед бизнесийн байгууллагын үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах чиглэлээр төлөвлөлт, зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх, бизнесийн байгууллагын хөгжлийн стратегид гамшгийн эрсдэлийг тооцох, эрсдэлийг бууруулах чиглэлд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх" талаар тусгажээ.