Гадаадын иргэн, харьяатын газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим нь Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, бизнесийн орчныг сайжруулах, гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөхөд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч, гадаадын ажиллах хүч авагч аж ахуйн нэгж, иргэдэд таатай нөхцөлийг бүрдүүлэх, цахим виз, цахим үйлчилгээний системийг олон нийтэд сурталчлах, хил орчмын бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, бизнес эрхлэгчдийг холбогдох мэдээ, мэдээллээр хангах зорилгоор Гадаадын иргэн, харьяатын газартай хамтын ажиллагааны Санамж бичгийг байгууллаа. Санамж бичигт ГИХГ-ын дарга Н.Ууганбаяр, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин нар гарын үсэг зурав.
Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд дараах үндсэн чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.
- Хууль эрх зүйн болон бодлогын баримт бичгийг боловсруулахад бизнес эрхлэгчдийн оролцоог хангах, тэдний саналыг сонсох, тусгах;
- Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд Аялал жуулчлал, спорт, соёл урлагийн үйл ажиллагаанд оролцох, дамжин өнгөрөх ангиллын цахим виз олгож эхэлсэнтэй холбогдуулан гадаадын иргэд таатай зорчих нөхцөлийг бүрдүүлэх, сурталчлан таниулах;
- Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх аяллын маршрут боловсруулах;
- Гадаадын иргэдийг урих аж ахуйн нэгж, байгууллагуудад Монгол Улсын хууль, эрх зүйн чиглэлээр тухай бүр сургалт зохион байгуулах талаар хамтран ажиллах юм.