Олон Улсын Худалдааны Танхимын Чех дахь салбарын Банк, Худалдааны Хууль ба Практикийн комиссын нарийн бичгийн дарга Павел Андрлыг хүлээн авч уулзлаа
МҮХАҮТ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Ц.Гэрэлсайхан Олон Улсын Худалдааны Танхимын Чех дахь салбарын Банк, Худалдааны Хууль ба Практикийн комиссын нарийн бичгийн дарга Павел Андрлыг (2022.10.07-нд) хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ноён Павел Андрл Монголын экспортлогч компаниудын менежерүүдэд банк, санхүүгийн чиглэлийн сургалт семинар зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Монголд бизнес эрхлэгч компаниудын экспортын чадавхыг сайжруулж дотоодын эдийн засгийг тэтгэх нь чухал гэдгийг тодотгосон юм. Түүнчлэн Чех Улсад дотоодын экспортлогчдод дэмжлэг үзүүлдэг Засгийн Газрын агентлагийн тухай дурдлаа.
ГХХАГ-ын дарга Ц.Гэрэлсайхан Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй уул уурхайн бус салбарын экспортыг эрчимжүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг бий болгох “ТРАМ” төслийн тухай товч танилцуулж, МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес Академитай хамтарч банк, санхүүгийн сургалт семинар зохион байгуулах боломжтойг хэлэв.