МҮХАҮТ-д “Солонгос-Монголын хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн яармаг-2022” эхэллээ
БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, БНСУ-ын Хөдөө аж ахуй, далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн худалдааны агентлагаас зохион байгуулж буй “Солонгос-Монголын хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн яармаг-2022” МҮХАҮТ-ын Их танхимд энэ сарын 16-ныг дуустал зохион байгуулагдах юм.
Үзэсгэлэн яармагийн нээлтэд БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун, Монгол дахь Солонгос иргэдийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Пак Ху Сон, Монголд бизнес эрхлэгч Солонгос иргэдийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Мун Жон Гын, МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн нар оролцов.
БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун нээлтийн үеэр хэлсэн үгэндээ “Монгол Улс, БНСУ-ын эдийн засгийн харилцаа тогтвортой нэмэгдсээр ирсэн. 2021 оны дүнгээр хоёр улсын гадаад худалдааны хэмжээ 410 сая ам.долларт хүрснээс далайн болон хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн дангаараа 70 орчим сая ам.долларт хүрсэн. Энэ удаагийн үзэсгэлэнгийн үеэр Солонгосын далайн болон хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг танилцуулахаас гадна хоёр улсын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд түлхэц үзүүлэх хэмжээний том арга хэмжээ болж байна гэлээ.
МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн “Дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, хөрөнгө оруулалт татах сонирхолтой аж ахуйн нэгжүүд тус үзэсгэлэнд хүрэлцэн ирснээр бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцах, харилцан түнш олох, гэрээ хэлэлцээр хийх, урт хугацааны бизнесийн түншлэлийг өргөжүүлэх бодит үр дүнтэй ажил болно гэдэгт итгэж байна” гээд Монгол Улс 2020 онд “Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр (APTA)”-т нэгдэн орсон нь худалдаанд хоёр улс харилцан хөнгөлөлт эдлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд нэн чухал алхам болж байгааг онцлов.
Үзэсгэлэнд Солонгос, Монголын 30 гаруй хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгж оролцож, өөрсдийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж байна. Мөн үзэсгэлэнгийн үеэр В2В уулзалтууд зохион байгуулагдах юм.