БНТУ-ын Танхим, Биржүүдийн холбооны үйл ажиллагаатай танилцаж, туршлага судаллаа
Уулзалтад Туркийн Танхим, Биржүүдийн холбооны ахлах зөвлөх Чагри Гюргүр, Европын газрын дарга Мустафа Бябуртлу, Турк-Монголын хамтын ажиллагаа хариуцсан ажилтан Башак, Монголын талаас МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин, Булган, Дархан, Дорноговь, Өвөрхангай аймгийн салбар танхимын дарга нар болон бусад төлөөлөл оролцлоо. Уулзалтаар танхимын хууль эрхзүйн орчин, бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны цар хүрээ, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, сайн туршлагын талаар судалж, сонирхсон асуултууддаа хариулт авлаа.
БНТУ-ын Танхим, Биржүүдийн холбоо нь 1952 онд байгуулагдсан, 1.5 сая гишүүдтэй, 365 салбар танхим, биржүүдээс бүрдсэн, дэлхийн 3 улсад салбартай, дэргэдээ бизнесийн их сургууль, эмнэлэг, бодлогын тинк танк төв, бизнес инкубатор төв, экспортыг дэмжих төв, зээлийн батлан даалтын сан зэрэг Турк улсын хэмжээний худалдааны бүртгэлийн систем, хүнд машин механизмын бүртгэлийн систем, үйлдвэрлэлийн дата төвийг хариуцан ажилладаг, Туркийн бизнесийн орчинг төлөөлөх тэргүүлэх байгууллага юм.
Турк улсад үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн бүх аж ахуйн нэгжүүд тус танхимын гишүүн бөгөөд танхимын гишүүд нь нийт ажил эрхлэлтийн 64 хувь, ДНБ-ий 85 хувь, хөрөнгө оруулалтын 70 хувь, гадаад худалдааны 95 хувийг бүрдүүлдэг байна.
МҮХАҮТ, Туркийн Танхим, биржүүдийн холбоо, БНТУ дахь Монгол Улсын ЭСЯ хамтран Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатарын БНТУ-д хийж буй албан айлчлалын хүрээнд Монгол-Туркын Бизнес Форумыг 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулна.