МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн “Төсөв 2023” олон нийтийн хэлэлцүүлгийн “Тогтвортой эдийн засаг” салбар хуралдаанд оролцлоо
Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга Т.Дүүрэн Монгол Улсын 2023 оны төсвийн төсөлд хүргүүлэх саналаа танилцуулсан юм. Тэрбээр 2023 оны төсвийн төсөлд ирүүлсэн саналаа Төсвийн хүрээний мэдэгдэлд хамаарах, төсвийн бодлого, төсвийн орлого, зарлага, төсвийн хөрөнгө оруулалт, Засгийн газрын өр гэсэн бүлэгт хамаарах хэмээн тус бүрээр нь ангилжээ. Тухайлбал, Төсвийн бодлогод хамаарах саналдаа, Шинэ сэргэлтийн бодлогын нөлөөлөх хугацааны хожимдол байхыг анхаарах, АМНАТ тооцож буй үнийн ялгаатай байдлыг арилгах, өрийн удирдлагын оновчтой стратегийг хэрэгжүүлэх, Засгийн газрын гадаад өрийг үе шаттайгаар бууруулах дунд хугацааны төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх, ирэх гурван жилийн хугацаанд Засгийн газрын гадаад өрийн хэмжээ өсөх төсөөлөлтэй байгааг анхаарах зэрэг асуудлыг тусгасан гэлээ.
Мөн цалингийн сангийн өсөлт, хүүхдийн мөнгийг бууруулахгүй байдал нь өрхийн хэрэглээгээр дамжин инфляцыг өсгөх нөлөөтэйг анхаарах, хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг бууруулах, бэлнээр ашиглахыг хязгаарлаж, хуримтлалд төвлөрүүлэх, газрын тосны зарим бүтээгдэхүүний онцгой албан татварыг “0” хүртэл хувиар бууруулсан байгааг зогсоож, татвар авах саналыг дэвшүүлсэнээ танилцуулсан юм.