Бизнесийн эрх зүйн орчныг сайжруулахад хамтран ажиллана
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Хуулийн бодлогын зөвлөлийн гишүүд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригтой уулзлаа. Уулзалтын эхэнд Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг Хувийн хэвшлийн эрх зүйн хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар танилцуулга мэдээлэл хүргэж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
МҮХАҮТ-ын дэргэдэх Хууль зүйн бодлогын зөвлөлийн гишүүдээс бизнесийн орчинд хамаарах хуулийн төсөл боловсруулахад хувийн хэвшлийнхний оролцоог хангах талаар саналаа илэрхийллээ. МҮХАҮТ-аар дамжуулан хуулийн төсөлд санал өгдөг боловч огт өөр агуулгатай хууль батлагдсан байдаг гэдгийг тодотгов.
Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг "МҮХАҮТ-ын дэргэдэх Хуулийн бодлогын зөвлөл бол бизнесийн нийтлэг эрх ашгийг хууль эрх зүйн хүрээнд төрийн түвшинд илэрхийлэх чухал үүрэгтэй бүтэц гэж харж байна. Цаашид ХЗДХЯ, МҮХАҮТ-тай бизнесийн орчны эрх зүйн тогтолцоог сайжруулахад бүх талаар хамтран ажиллахад нээлттэй" гэв.
Мөн уулзалтын үеэр 2017 онд 4 жилийн хугацаатай байгуулсан “Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хоорондын хамтын ажиллагааны тухай” санамж бичигийг шинэчлэн баталж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцлоо.