“Газрын тосны бүтээгдэхүүний бирж”-ийн төслийн танилцуулга уулзалт боллоо
Петро эксчейнж ХХК-ийн санаачлан хэрэгжүүлэх гэж буй “Газрын тосны бүтээгдэхүүний бирж” төслийн танилцуулга уулзалт МҮХАҮТ дээр боллоо. Тус уулзалтад газрын тосны салбарын 28 компанийн 40 орчим төлөөлөгч оролцож мэдээлэл солилцов.
Уулзалтыг нээж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, Төсөл санаачлагч Ц.Эрдэнэбат нар үг хэлсэн бөгөөд Төсөл санаачлагч В.Буянмөнх төслийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа.
Уулзалтын үеэр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин Уул уурхайн болон уул уурхайн бус түүхий эд, бүтээгдэхүүний салбарт биржийн тогтолцоо дутагдалтай байна. Биржийн системд банк санхүү, даатгал, тээвэр зэрэг асуудлыг нэгтгэсэн дундын зардлаар худалдааг хөнгөвчлөх, хялбаршуулах боломжийг олгоно гэж хэлсэн үгэндээ онцоллоо.
“Газрын тосны бүтээгдэхүүний бирж” төсөл хэрэгжсэнээр дотоодын зах зээлд газрын тосны бүтээгдэхүүний биржийн тогтолцоог нэвтрүүлэх, салбарын бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааны зардлыг бууруулж, санхүүжилтийн өртгийг багасгаж, бизнесийн өсөлтийг дэмжих юм. Энэхүү төсөл нь хувийн хэвшлийн санаачилга бөгөөд оролцоонд суурилсан, фьючерс опцион, форвард санхүүгийн хэрэгсэл бүхий иж бүрэн Газрын тосны бүтээгдэхүүний биржийн тогтолцоог нэвтрүүлэхээр зорьж буй аж.
Оролцогчдын зүгээс төслийг хэрэгжүүлэхэд Засгийн газар оролцоотой байх эсэх, эрх зүйн орчин, төслийн менежментийн байгууллагын өмчийн хэлбэр, бүтэц зохион байгуулалт, цаашдын хөрөнгө оруулагчдын хувьцаа эзэмших боломж, олон улсын биржүүдийн туршлага, төслийн ач холбогдол, манипуляци үүсгэх сөрөг тал зэргийг төсөл санаачлагчдаас асууж, тодруулан цаашид дээрх асуудлуудаар анхаарч ажиллах талаар саналаа илэрхийллээ.