“Өвлийн аялал жуулчлал-Асуудал, Шийдэл” хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
МҮХАҮТ-ын дэргэдэх Аялал жуулчлалын зөвлөлөөс Нийслэлийн аялал жуулчлалын газартай хамтран “Өвлийн аялал жуулчлал-Асуудал, Шийдэл” хэлэлцүүлгийг 2022 оны 11 сарын 18-ны өдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт салбарын 60 гаруй бизнес эрхлэгчид оролцож санал бодлоо солилцлоо.
МҮХАҮТ-ын дэргэдэх Аялал жуулчлалын зөвлөлийн дарга Б.Барсболд хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ сүүлийн хоёр жилийн турш аялал жуулчлалын салбар Ковид 19 цар тахлын маш хүнд цаг үеийг туулж “Шинэ сэргэлт”-ийн үе шатандаа ороод байна. Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гаргасан судалгаагаар дэлхийн аялал жуулчлал 2024-2025 он гэхэд 2019 оны түвшинд хүрнэ гэсэн тооцоолол гаргасан байдаг. ОХУ болон Украйны хоорондын геополитикийн асуудлаас үүдэн Европын аялал жуулчлал хүнд байгаа боловч энэ жилийн дэлхийн аялагчдын статистик тоон мэдээллийг харахад судлаачдын төсөөллөөс давсан үр дүн гарч, илүү итгэл найдвар төрүүлсэн дүр зураг ажиглагдаж байна. Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг аялал жуулчлалын зочлох жил болгон зарлаж, салбарыг дэмжих, хөгжүүлэх ажлын хэсгүүд гарч ажиллаж байгаа талаар онцоллоо.
Хэлэлцүүлгийн үеэр Хотын өвлийн аялал сэдвээр Нийслэлийн аялал жуулчлалын газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга Х.Содномдэмбэрэл, "UB winter" төслийн танилцуулгыг TANU Partners ХХК-ийн Цахим хөгжлийн албаны ахлах Т.Энхбат, Өвлийн аялал жуулчлал ба агаарын тээвэр, Манжуурын өвлийн аяллын жишээг Хүннү Эйр ХХК-ийн захирал П.Мөнхжаргал нар тус тус танилцуулав.
Оролцогчдын зүгээс дараах асуудлуудад төр хувийн хэвшил хамтарч нэгдэж ажиллах шаардлагатай байгааг илэрхийллээ.
- Өвөл, зуны контeнт гаргахад төрөөс санхүүгийн бодит дэмжлэг үзүүлэх
- Өвлийн улиралд зориулсан шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ гаргах
- Аялал жуулчлалын эвент, фестиваль, баяруудын хугацааг тодорхой болгох, дараалал тогтох, хооронд нь холбох
- Жуулчдад зориулсан хямдралтай бүтээгдэхүүний багц гаргах
- Нийслэлийн ойролцоо болон орон нутагт байрлах жуулчны баазуудыг өвөл ажиллуулахын тулд жуулчны баазуудын цахилгааны мөнгийг хөнгөлөх, төлөх хугацааг хойшлуулах
- Дотоодын нислэгийн хуваарь, маршрутыг тодорхой гаргах
- Бүх компаниуд нэгдээд нэг маршрут дээр төвлөрөх, хөгжүүлэх, тухайн маршрутын дагуу жуулчны баазуудыг ажиллуулах
- Үйлчилгээний байгууллагуудын үнийг дотоод, гадаад жуулчин гэж ялгалгүй ижил үнийн тарифтай болгох
- Орон нутаг руу чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулахад анхаарах (халуун рашаан гэх мэт сурталчилсан арга хэмжээг зохион байгуулж хувийн хэвшлийг дэмжих )
- Хүний нөөцийн асуудал. Орон нутагт залуус очдоггүй. Залуучуудыг орон нутагт ажиллах төрийн бодлого гаргаж дэмжих
- Мөсний баярт агаарын тээвэр, тур операторууд нэгдээд шууд нислэг, транзит нислэг тогтмол хийх боломжийг бүрдүүлэх,
Мөн төр, хувийн хэвшлийн байгууллагууд хамтран өвлийн аяллын шинэ бүтээгдэхүүн гаргахад хамтарч ажиллахаар тогтлоо.