Бүгд Найрамдах Турк Улсын Танхим, Биржүүдийн Холбооны Арьс ширний салбар танхимын дарга Эрсин Кашка Монгол Улсад зочилж байна
Монгол Улсын Их Хурлын даргын 2022 оны 10 дугаар сард БНТУ-д хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд МҮХАҮТ, Турк Улсын Танхим, Биржүүдийн Холбоо (TOBB) хамтран Монгол-Туркийн бизнес форумыг 10 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулсан. Тус форумын үеэр талууд арьс ширний боловсруулалтын чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцож, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун Туркийн талын холбогдох төлөөлөгчдийг Монгол Улсад урьсан билээ.
БНТУ-ын Танхим, Биржүүдийн Холбооны Арьс ширний салбар танхимын дарга Эрсин Кашка Монгол Улсад хүрэлцэн ирээд байгаа бөгөөд 2022 оны 11 сарын 21-ний өдөр ХХААХҮ-ын сайд Х.Болорчулуун түүнийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан, ХХААХҮЯ-ны холбогдох газрын дарга нар оролцов. Уулзалтаар Монгол, Турк улсуудын арьс ширний салбарын хөгжил, өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцож, цаашид хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа.
Х.Болорчулуун сайд Дархан арьс ширний цогцолборыг хөгжүүлэх талаар Монгол Улсын Засгийн газрын бодлого, мөрийн хөтөлбөрийг танилцуулж, Туркийн талтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа дурдсан бол ноён Эрсин Кашка арьс ширний үйлдвэрийн бүтээн байгуулалтад өөрсдийн хуримтлуулсан арвин туршлага дээр үндэслэж, хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Турк Улсын Танхим, Биржүүдийн Холбооны Арьс ширний салбар танхимын дарга Эрсин Кашка болон МҮХАҮТ-ын холбогдох төлөөллүүд өнөөдөр Дархан-Уул аймагт ажиллаж Дархан арьс ширний цогцолборын бүтээн байгуулалт, арьс ширний үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцах юм.