(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Т.Дүүрэн: Бизнесийн сэргэлтээр ЖДҮҮ эрхлэгчдийг дэмжиж, үйлдвэрлэлийг нь тэлнэ

2024/03/19 0
МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.ДҮҮРЭН-тэй ярилцлаа. 


-2024 оныг МҮХАҮТ  шинэ бүтэц, бүрэлдэхүүнтэйгээр угтсан. Ирэх жилүүдэд үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдэд чиглэсэн ямар ажил зохион байгуулахаар төлөвлөж байна вэ?
-МҮХАҮТ өнгөрсөн дөр­вөн жилийн хугацаанд байгуул­лагынхаа суурь бүтцийг бэхжүүлэхээр зорьж ажилласан. Энэ зорилгодоо тодорхой хэмжээнд хүрсэн гэж бид дүгнэлээ. Тиймээс ирэх дөрвөн жилд гишүүдийн хэрэгцээ шаардлагыг илүү анхаарч ажиллах стратеги зорилт дэвшүүлээд байна.

2023 оны есдүгээр сард МҮХАҮТ-ын Их хурал боллоо. Дөрвөн жилд нэг удаа болдог сонгуульт энэ их хурлаар шинээр сонгогдсон МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, хувиараа бизнес эрхлэгч нарыг дэмжсэн мөрийн хөтөлбөр  дэвшүүлсэн. 

МҮХАҮТ-ын  сайн дурын зургаан мянган гишүүний дийлэнх нь ЖДҮ эрхлэгчид байдаг. Нэг гишүүн, нэг саналтай. Засгийн газраас Шинэ сэргэлтийн зургаан бодлогыг хэрэгжүүлж байна. Үүнтэй уялдуулж МҮХАҮТ  2024-2027 онд хэрэгжүүлэх  Бизнесийн сэргэлт хөтөлбөрөө зарлалаа. 


Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд ТӨҮГ-ын хөрөнгө 12 дахин нэмэгджээ. Гэтэл хувийн хэвшлийнхний ДНБ-д оруулдаг хувийн жин гурван хувиар буурсан үзүүлэлттэй байна. Энэ нь эдийн засагт төрийн өмчийн эзлэх байр суурь нь томорч, хувийн хэвшлийнх  хумигдаж байна гэсэн үг. Гэтэл энэ нь  зах зээлийн эдийн засгийн зарчимтай зөрчилдөөд байна. 

Дээр нь үндэсний томоохон компаниуд төртэй хуйвалдах замаар баялгийн хуваарилалтыг  өөрсдөдөө татаж байна. Ингэхээр дундаж давхарга хөл дээрээ бүрэн өндийж чадахгүй, зах зээлийн гажуудал үүсэж байгаа юм. 

Тиймээс Бизнесийн сэргэлтээр энэ гажуудлыг арилгахыг зорьж байна. 

-Бизнесийн сэргэлтийн хүрээнд эхний ээлжид ямар арга хэмжээ хэрэгжүүлэх вэ?
-Бид Бизнесийн сэргэлт хөтөлбөрийн хүрээнд 2024 онд хийх ажлаа баталсан. Эхний ээлжид 10 мянган залуусыг бизнесийн сургалтад хамруулна. Энэ нь P-MBA буюу олон улсын лицензтэй бестселлер болсон бизнесийн удирдлагын магистрын түвшний мэдлэгийг хялбаршуулсан замаар олгох сургалт юм. Сургалт 12 сэдэвтэй, найм нь танхимаар, дөрөв нь онлайнаар нийтдээ хоёр долоо хоног зохион байгуулагдана.   Дөрөвдүгээр сарын 6-наас эхний сургалт  МҮХАҮТ-д  болно.  10 мянган залуусаа хүйсийн тэнцвэртэй харилцааг баримтлан, 21 аймаг, есөн дүүргээс бүсчилсэн хөгжлийн зарчмаар сонгоно.  99 мянган төгрөгийн төлбөртэй энэ сургалтад хамрагдсанаар бизнесээ өргөжүүлэх, шинэ бизнес эхлэх, бизнесийн удирдлагын суурь мэдлэгтэй болохоос гадна бизнесийн төсөл бичих ур чадвар олгоно.

Сургалтад хамрагдсан залуусаар бизнесийн төсөл бичүүлж, 1000 төслийг шалгаруулна. Эдгээр залуусыг жижиг, дунд бизнес хөгжсөн Вьетнам, Малайз, Энэтхэг, Хятад улсад туршлага судлуулж,  суралцуулах юм. Энэ залуусаас дахин  100-г нь сонгон, бизнес эрхлэхэд нь тоног төхөөрөмж гаргаж, зээл авахад нь суралцуулж, бойжуулна.  Энэ 100 шинэ бизнесээс дахин тавыг нь сонгож, Улаанбаатар үнэт цаасны биржтэй хамтраад үнэт цаасны зах зээлд суралцуулж,  краудфандинг зарчмаар дараагийн шатад гаргах жишиг төсөл хэрэгжүүлэх юм. 


Үүнээс гадна Бизнесийн сэргэлт хөтөлбөрийн хүрээнд  улсын болон нийслэлийн бичил жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан 500 тоног төхөөрөмжийн үзэсгэлэнг ирэх намар зохион байгуулна. Энэ тоног төхөөрөмжүүд тус бүрдээ гарын авлагатай, үйлдвэрлэсэн он сартай, ямар зориулалтаар ашиглах, хэрхэн бизнесээ явуулах, эргэлтийн хөрөнгөө хэрхэн гаргах талаар зааварлагч тайлбарлаж өгнө. Энэ үзэсгэлэнг үзсэн хүн бүр ямар төрлийн бизнес эрхлэх вэ гэдэг санаагаа олох юм.

Өнөөдөр жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зах зээлийн бодит мэдээлэл дутагдалтай байдаг. ҮСХ-оос гаргадаг статистик тоо бодит байдалтай зөрдөг, далд эдийн засгийг тусгаагүй байдаг. Тиймээс бид эхний ээлжид 100 салбарыг сонгон авч, судалгаа гаргахаар ажиллаж байна. Жишээлэхэд, хөшигний худалдаа Монгол Улсад ямар үнэтэй, хаана борлуулалт, эрэлт  ихтэй байх талаар дэлгэрэнгүй мэдээллийн сантай болно. Энэ мэдээлэл нь улирал бүр шинэчлэгдэнэ.

Ингээд Бизнесийн сэргэлтийн хүрээнд энэ жил гурван хэсгээс бүрдсэн дөрвөн шаттай хөтөлбөр хэрэгжүүлнэ.

-Бүсчилсэн хөгжлийн хүрээнд 10 мянган залууг хэрхэн сонгох вэ?
-Аймаг бүрээс 300 залууг сонгоно. Тиймээс орон нутгаас 6000 залуу хамрагдана. Улаанбаатар хотын есөн дүүргээс 4000 залууг хамруулна. 

-Манайд жижиг, дунд бизнесээс аль салбар нь түлхүү хөгжсөн байдаг вэ?
-Нэгдүгээрт,  импортын бизнес байна. Хоёрдугаарт, хөдөө аж ахуйн түүхий эдэд суурилсан боловсруулах  үйлдвэрлэл. Гуравт, ресторан, паб, жуулчин гээд үйлчилгээний бизнес бий.

-Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх татварын орчин бүрдсэн үү?
-Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааны жилийн орлого нь  50 сая төгрөг хүрээгүй бол нэг хувийн татвар төлөх хуулийн заалттай. Тиймээс жижиг, дунд бизнес эрхлэх хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн. 

Харин бизнес эрхлэх аргыг нь зааж өгөх хэрэгтэй байна. Учир нь Улаанбаатар хотод 15-29 насны 140 мянган залуусын дунд явуулсан судалгаагаар “Бизнес эрхлэх сонирхолгүй” гэсэн дүн гарсан байна. Эхний ээлжид 10 мянган залууг сургалтад хамруулах гэж байгаа нь чамлалттай тоо. Гэсэн хэдий ч жил бүр сургалтад хамруулах залуусаа нэмэгдүүлж, бизнес эрхлэхэд нь  урам өгөх хэрэгтэй байна. МҮХАҮТ өөрийн нөөц бололцоондоо тулгуурлаж, сургалтаа эхлээд, цаашид төр, засаг бидэнтэй хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна. 

-Жижиг, дунд бизнес эрх­лэгчдэд хамгийн түрүүн тулгамддаг асуудал нь санхүү­жилт.  Биз­несийн сэргэлтийн хүрээнд санхүүжилтэд хэрхэн анхаарч байгаа вэ?
-Тийм ээ, бичил бизнес эрхлэгчид санхүүгийн хомстолтой. Зээлийн хүү ч өндөр байдаг. Өнөөдөр бид Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, тогтолцооны өөрчлөлт хийж чадсан нь том алхам. Алдаагаа засах боломж олдож байна. Монгол Улс төсвийн болон мөнгөний  бодлоготой ч санхүүгийн бодлогогүй.

Цаашид санхүүгийн бодлогоо гаргах боломж нээгдэж байна гэсэн үг. Жижиг, дунд бизнесээ хөгжүүлж, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх санхүүгийн тогтолцоогоо тодорхойлсноор зээлийн нөхцөл ч сайжирна. МҮХАҮТ бизнес эрхлэх чадвартай залуусаа бэлтгэж байна. 


Хөдөлмөр эрхлэлтийн сангаас жижиг, дунд бизнесийг дэмжсэн буцалтгүй тусламж олгодог. Мөн бизнесийн нэг, хоёр өдрийн сургалт ч хийдэг юм байна. Гэсэн хэдий ч энэ талаар мэдээлэл хомс. Хамрагдсан хүмүүс нь ямар бизнес эрхлээд, ямар үр дүнд хүрсэн талаар тайлан байхгүй байна. Жишээлбэл, таны эргэн тойрон дахь хүмүүс бичил бизнесийн хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжид хэр хамрагдсан байна вэ?

-Төрийн үйлчилгээний анхан шатны байгууллага болох хороо, сумд өрхийн зээл, бичил бизнесийг хөгжүүлэх хөнгөлөлттэй зээл гэж гардаг ч  миний эргэн тойронд хамрагдан хүн байхгүй. Ер нь хүмүүс  танил талаараа авдаг гэсэн ойлголт байдаг.

-Бодит байдал энэ. Бид Бизнесийн сэргэлтийн хүрээнд бичил бизнес эрхлэгчдээ ил тод сонгон шалгаруулж, амжилт гаргасан хүмүүсээ зарлана. Энэ сургалтыг зарласнаас хойш бидэнд маш их хүсэлт, хандалт ирж байна. Бизнес эрхлэлтийг сайжруулж, ажлын байрыг бий болгож, эмэгтэй бизнес эрхлэгчдийн тоог нэмэгдүүлэх нь бидний зорилго. 

Өнөөдөр том компаниуд төртэй нийлээд томоохон төсөл хэрэгжүүлж байгаа ч 90 хувийг нь өөртөө шингээж байна. Манай МҮХАҮТ-ын гишүүдийн  95 хувь нь жижиг, дунд бизнес эрхлэгчид. Хэдийгээр манай эдийн засгийг уул уурхайн салбар тэргүүлдэг ч тэнд ажлын байр цөөн. Эсрэгээрээ хөдөө аж ахуйн болон үйлчилгээний салбарт ажлын байр олон. Тиймээс бизнесийн салбар хөгжиж байж ажлын байр нэмэгдэнэ. 

-Үндэсний томоохон ком­паниуд жижиг, дунд бизнес эрхлэгчдийн бизнес рүү орж байгааг хэрхэн хардаг бол. Зах зээлийн зарчмаараа явж байгаа үзэгдэл үү?
-Тийм ээ, сүүлийн үед том компаниуд ууц чанах, гуанзны үйлчилгээ явуулж байна гэж шүүмжилдэг. Тэгвэл жижиг, дунд бизнес эрхлэгчид олуулаа болсноор том компаниуд төртэй хуйвалддагийг хязгаарлана. 

 -Бичил бизнесийг тэлснээр дундаж давхаргын амьжиргаа дээшилнэ. Дундаж давхаргын амьжиргаа өнөөдөр ямар түвшинд байна вэ?
-Дундаж давхаргын өрхийн орлого зарлагаа гүйцэхгүй байна. Монголбанкны судалгаагаар 2019 онд дундаж өрхийн орлого нь сар бүр 80 мянган төгрөгөөр дутаж байсан. Тухайн өрх төсвийн үргүй зарлага гаргаагүй. Гэтэл зээл нь нэмэгдсээр байжээ.  Энэ нь жилийн нэг сая орчим төгрөг. 2023 оны Монголбанкны судалгаатай танилцлаа.  Энэ зөрүү одоо ямар хэмжээтэй болсон гэж та бодож байна вэ. 

-Дөрвөн жилийн өмнөх гэж тооцоод таамаглахаар өнөөдөр дундаж өрхийн орлого 200-300 орчим мянган төгрөгөөр дутаж  байгаа болов уу?
-Яг зөв. Монголбанкнаас гаргасан албан ёсны судалгаагаар дундаж өрхийн орлого сард 240 мянган төгрөгөөр дутаж байна. Үүнийг 12 сар буюу нэг жилээр тооцохоор 2.8 сая төгрөгөөр зээл нь нэмэгдэж байна. Орлогын дутагдалтай байгаа энэ байдал хүүхэд нь их, дээд сургуульд суралцах, гэр бүлийн нэг гишүүн хүнд өвчин тусаж асрамжид ороход аюул болж хувирдаг юм байна. Учир нь сургалтын төлбөрийн зээл авна. Өвчтэй хүнээ эдгээх гэж нэг нь ажлаасаа чөлөөлөгдөнө.

Энэ эдийн засгийн алдаатай бодлогыг дэлхийн улс орнууд хувийн хэвшлээ хөгжүүлж засаж ирсэн байдаг. Тиймээс МҮХАҮТ төрийн оролцоог их байгаад шүүмжлэлтэй хандаж байна. Ялангуяа, төрийн албаны дунд шатанд хүнд суртал их байна.  Өнөөдөр энэ бүхэнтэй эрх баригч нам авлигатай тэмцэж байгаа ч их хугацаа ордог юм байна. Тиймээс зөвхөн төр засаж, залруулна гэж хараад сууж болохгүй, тал талаасаа тэмцэх хэрэгтэй. МҮХАҮТ  төр, засагтай хамт бизнесийн орчныг сайжруулах, хөгжүүлэх чиглэлд хамтарч ажиллана. Бид сургалт зохион байгуулж, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана.

-Төрийн албаны дунд шатанд хүнд суртал ноёлж байна гэж олон нийт ч шүүмжилдэг?
-Төрийн албаны дунд шатанд ажлыг гацааж байна. Бизнесийн нэрийг ч барьж хулгайгаа зөвтгөх үзэгдэл ч байна. “Хувийн хэвшлээ дэмжсэнгүй, би Монгол Улсын татвар төлөгч” гэж нэр барьж байгаа хэсэг байна. Төртэй хуйвалдаж, тендерийн төсөл хэрэгжүүлдэг том компаниуд бий.

Мөн орлогоо нуун дарагдуулдаг хятад ченжүүд байна. Эд бүгд “Би олон хүнийг ажлын байртай болгож тэжээж байна” гэж хувийн хэвшлийн нэр барьдаг. Эд нар бол бизнес биш, хуйвалдаан, шамшигдуулалт, луйвар.


Учир нь хуулийн дагуу бизнесээ эрхэлж байгаа хүмүүстэй эд өрсөлдөж чадахгүй. Энэ бол бизнес биш. Энэ бол миний хувийн болон МҮХАҮТ-ын байр суурь. Тиймээс хуулийн дагуу бизнес эрхэлж байгаа бизнесмен болон хууль бусаар төртэй хуйвалдсан “бизнесмен”-ийг ялгаж, салгах хэрэгтэй.

-Манайх эдийн засгаа солон­горуулна гэдэг. Бизнесийн сэргэлт хөтөлбөр хэрэгжсэнээр экспортын бүтээгдэхүүн нэмэг­дэх үү?
-Өрсөлдөөн нэмэгдэхээр бизнес эрхлэгчид экспортод бүтээгдэхүүнээ гаргахыг хүснэ. Үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсан аж ахуйн нэгжийн 4.2 хувь буюу 1923 аж ахуйн нэгж экспортод бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргасан. Уул уурхайн салбар цөөн ажлын байр гаргадаг ч нэг хүнд ногдох нь 90 сая төгрөг. Гэтэл хөдөө аж ахуйн салбар олон ажлын байр бий болгодог ч нэг хүнд ногдох нь долоон сая төгрөг. Тиймээс бүтээмжээ нэмэгдүүлэх хэрэгтэй. Манай зах зээл бага болохоор бүтээгдэхүүнээ экспортод гаргахыг зорино.

Манай хамгийн ойрын стра­тегийн зах зээл бол Буриад, Өвөрмонгол. Экспортоо хөгжүүлэхийн тулд мөн л гааль, татварын байгууллага нь татвараа шударгаар бүртгэх хэрэгтэй. Хууль, эрх зүйн орчин тогтвортой бус, далд эдийн засагтай болохоор ямар ч онол яриад нэмэргүй байна.

-МҮХАҮТ жил бүр “ТОП-100”  аж ахуйн нэгжийг шалгаруулдаг. ТОП компаниудын төрөл нэмэгдэж байна уу?
-МҮХАҮТ Засгийн газартай хамтарч, таван яам оролцоод тоон үзүүлэлт гаргаж, эрэмбэлээд шилдэг компаниудаа тодруулдаг. Гадаадын хөрөнгө оруулагчид  Монгол Улсын топ аж ахуйн нэгжтэй харилцаж байгааг нь баталгаажуулж өгдөг. 2023 онд төрийн өмчит компаниудыг энэ шалгуураас хассан. Тиймээс  хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээний салбар орох боломж нь нээгдсэн.

-Бизнесийн сэргэлтийн үр дүнг хэрхэн харж байна вэ?
-Үндсэн хуульд өөрчлөлт оруулж баталсан нь бидэнд боломж олгосон. Тиймээс жижиг, дунд бизнес эрхлэгчдэд мэдлэг олгож, төрийн өмчит үйлдвэрийн газруудыг цөөрүүлж цэгцлэх хэрэгтэй. Төрийн өмчит үйлдвэрийн газрыг компанийн засаглалаар явуулах хэрэгтэй гэж МҮХАҮТ үздэг. Хувийн хэвшлийн бизнес рүү төр орохгүй гэдэг бодлогоо бодитоор хэрэгжүүлэх хэрэгтэй. Ингэснээр Бизнесийн сэргэлтийн үр дүн эергээр гарна гэж үзэж байна.

Н.Энхбат

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин №010/24589/

Арга Хэмжээ
20
07 сар
“ЖАНЧХҮҮГИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ-ЭРТНИЙ ХУДАЛДААНЫ ЗАМ” МОНГОЛ УЛСЫН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЗЭСГЭЛЭН
24
07 сар
БНСУ-ын Гоо сайхны салбарын томоохон үзэсгэлэн “INTERCHARM KOREA 2024” үзэх бизнес аяллын бүртгэл эхэллээ
26
07 сар
ДЭЛХИЙН БУРИАДЫН “АЛТАРГАНА-2024” XV ОЛОН УЛСЫН НААДАМ БУЛГАН АЙМАГТ
16
08 сар
Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын үзэсгэлэнд оролцохыг урьж байна
19
08 сар
Монгол-Япон Бизнес форум
04
09 сар
Канад улсад ноос, ноолууран бүтээгдэхүүнийн "Fibre Fest-2024" үзэсгэлэнд урьж байна
24
09 сар
MINEXPO INTERNATIONAL 2024 Олон улсын уул уурхайн үзэсгэлэн АНУ-ын Лас вегас хотноо болно
26
09 сар
49 дахь удаагийн “УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ – 2024” ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН ЯАРМАГИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
04
11 сар
FIHAV - 2024
05
11 сар
7 дахь удаагийн “Хятадын Олон Улсын Импортын Экспод” оролцохыг урьж байна
06
11 сар
ХБНГУ-ЫН БЕРЛИН ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ БАЗААР БЕРЛИН ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
24
04 сар
INDIA STEEL 2025
Сүүлд нэмэгдсэн мэдээ
Монголын Эдийн Засгийн Форум 2024 -“Бизнесийн маргаан шийдвэрлэх шийдэл: Эвлэрүүлэн зуучлах” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Монголын Эдийн Засгийн Форум 2024 -“Бизнесийн маргаан шийдвэрлэх шийдэл: Эвлэрүүлэн зуучлах” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
2024/07/09
Үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэн Та бүхнийг бүтээгдэхүүн нийлүүлэх болон мерчандайзын гэрээ байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг урьж байна
Үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэн Та бүхнийг бүтээгдэхүүн нийлүүлэх болон мерчандайзын гэрээ байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг урьж байна
2024/07/05
МҮХАҮТ-ын Спонсор гишүүд гэрчилгээгээ гардаж авлаа
МҮХАҮТ-ын Спонсор гишүүд гэрчилгээгээ гардаж авлаа
2024/07/05
Монгол, Хятадын танхим Тяньжин боомтын чингэлэг тээврийн бөөгнөрлийг арилгах дээр хамтран ажиллахаар тогтлоо
Монгол, Хятадын танхим Тяньжин боомтын чингэлэг тээврийн бөөгнөрлийг арилгах дээр хамтран ажиллахаар тогтлоо
2024/06/27
“БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА ЦАХИМ УУЛЗАЛТ /2024.06.26/ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА ЦАХИМ УУЛЗАЛТ /2024.06.26/ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024/06/26
МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн Япон Улсын Иточү корпарацийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн Япон Улсын Иточү корпарацийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2024/06/26
ШИНЭ ГИШҮҮДЭД ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЛАА
ШИНЭ ГИШҮҮДЭД ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЛАА
2024/06/26
Монгол - Узбекистаны бизнес форум, бизнес эрхлэгчдийн уулзалт зохион байгуулагдлаа.
Монгол - Узбекистаны бизнес форум, бизнес эрхлэгчдийн уулзалт зохион байгуулагдлаа.
2024/06/25
Стандарт, хэмжилзүйн газраас Ургамлын гаралтай хүнс, хүнсний шинжилгээ, мах, шувуу, загас, өндөг тэдгээрийн бүтээгдэхүүний стандартын төсөлд санал авч байна
Стандарт, хэмжилзүйн газраас Ургамлын гаралтай хүнс, хүнсний шинжилгээ, мах, шувуу, загас, өндөг тэдгээрийн бүтээгдэхүүний стандартын төсөлд санал авч байна
2024/06/24
М-Си-Эс Кока Кола ХХК-ийн үйлдвэртэй танилцах аялал зохион байгууллаа
М-Си-Эс Кока Кола ХХК-ийн үйлдвэртэй танилцах аялал зохион байгууллаа
2024/06/21
МҮХАҮТ-ын дэргэдэх “КНХ ба тогтвортой хөгжил“ зөвлөлийн ээлжит уулзалт боллоо
МҮХАҮТ-ын дэргэдэх “КНХ ба тогтвортой хөгжил“ зөвлөлийн ээлжит уулзалт боллоо
2024/06/21
МҮХАҮТ эрх барих намын эдийн засаг, бизнесийн хөтөлбөр, арга хэмжээний биелэлтийн гүйцэтгэлийг дүгнэх бүтэц байгуулан ажиллана
МҮХАҮТ эрх барих намын эдийн засаг, бизнесийн хөтөлбөр, арга хэмжээний биелэлтийн гүйцэтгэлийг дүгнэх бүтэц байгуулан ажиллана
2024/06/21
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн төлөөллүүд БНСУ-ын Ёосү хотын MICE аялал жуулчлалын хэлтэсийн төлөөллүүдтэй уулзлаа
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн төлөөллүүд БНСУ-ын Ёосү хотын MICE аялал жуулчлалын хэлтэсийн төлөөллүүдтэй уулзлаа
2024/06/20
Монгол - БНСУ-ын Бусан хотын бизнесүүд хоорондын B2B уулзалтыг зохион байгууллаа
Монгол - БНСУ-ын Бусан хотын бизнесүүд хоорондын B2B уулзалтыг зохион байгууллаа
2024/06/20
МҮХАҮТ Бусан хотын Эдийн засгийг дэмжих агентлагтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
МҮХАҮТ Бусан хотын Эдийн засгийг дэмжих агентлагтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2024/06/20
Бүгд Найрамдах Узбекистан улсын Уул уурхай, геологийн сайд Б.Ф.Исламов тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа
Бүгд Найрамдах Узбекистан улсын Уул уурхай, геологийн сайд Б.Ф.Исламов тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа
2024/06/18
БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хорооны дэд дарга Жан Шиао Гантай уулзалт хийлээ
БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хорооны дэд дарга Жан Шиао Гантай уулзалт хийлээ
2024/06/18
Бээжин хотноо МҮХАҮТ төлөөлөгчийн газраа албан ёсоор нээлээ
Бээжин хотноо МҮХАҮТ төлөөлөгчийн газраа албан ёсоор нээлээ
2024/06/18
Монгол-Лаосын Бизнес уулзалт боллоо
Монгол-Лаосын Бизнес уулзалт боллоо
2024/06/12
Бизнес Академи “Компанийн захирлын хөгжлийн хөтөлбөр” сургалтынхаа 3 дахь ээлжийн сургалтыг амжилттай зохион байгууллаа
Бизнес Академи “Компанийн захирлын хөгжлийн хөтөлбөр” сургалтынхаа 3 дахь ээлжийн сургалтыг амжилттай зохион байгууллаа
2024/06/11