“КIMES Солонгосын эрүүл мэндийн тоног төхөөрөмжийн үзэсгэлэн”-д МҮХАҮТ-ын гишүүн байгууллагууд амжилттай оролцлоо
БНСУ-ын Сөүл хотод 2024 оны 3 дугаар сарын 14-17-ны хооронд зохион байгуулагдсан 39 дэх удаагийн “КIMES Солонгосын эрүүл мэндийн тоног төхөөрөмжийн үзэсгэлэн”-д МҮХАҮТ-ын гишүүн байгууллагуудыг амжилттай оролцууллаа.
Уг үзэсгэлэнд мэс заслын багаж хэрэгсэл, нөхөн сэргээх тоног төхөөрөмж, эрүүл мэндийн мэдээллийн систем, робот мэс заслын төхөөрөмж, эрүүлийг хамгаалах ухаалаг төхөөрөмж, эмчилгээний, эмийн сангийн, косметик арьс оношлогооны, нөхөн сэргээх , физик эмчилгээний, гоо сайхан арьс арчилгаа ба эрүүл мэндийн үйлчилгээний, сувилахуй, өндөр настнуудын сувилахуй үйлчилгээ, ургамлын эрүүл мэндийн, эрүүл мэндийн хэрэглээний бүтээгдэхүүн лабораторийн, нүд оношилгоо, яаралтай тусламжийн, мал эмнэлгийн, эмнэлзүйн үзлэгийн зэрэг төрөл бүрийн тоног төхөөрөмжүүдээс гадна рентген зураг дүрслэх төхөөрөмж, хиймэл оюун ухааны систем, 3D принтер, төвлөрсөн хангамжийн тоног төхөөрөмж, шүдний аппарат, оношлогооны тестүүд, ариутгагч бодис, эмнэлгийн хэрэгсэл, оношилгоонууд дэлгэн тавигдсан байлаа.
МҮХАҮТ нь тус үзэсгэлэнг зохион байгуулсан БНСУ-ын "Korea E & Ex Inc" байгууллагатай хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсаас "Ариун Монгол" ХХК, "Пример" ХХК, "Эрдэнэ суврага овоот" ХХК, "Мандах Алек" ХХК, "Өгөөш" ХХК, "Саруул оч" ХХК, "Алтболд" ХХК, "Глобал десайн" ХХК, "Аянгын гялбаа" ХХК, "Булган медикал" ХХК, "Анар арвижих" ХХК, "Яргуйжин" ХХК, "Ягаан мөгз" ХХК, "ЖМ мөнх нас" ХХК, "Тэс Од" ХХК, "Эко вэйв" ХХК байгууллагуудын төлөөлөл 27 хүнийг оролцуулж, туршлага судлуулав.
Үзэсгэлэнгийн өдрүүдэд оролцогчид үзэсгэлэнгээр зочилж, туршлага судалж, худалдан авалтын гэрээ хэлцлүүд хийн, эм, эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлэх газруудын үйл ажиллагаатай танилцсан юм. Түүчлэн Сөүл хотын аяллыг зохион байгуулж Хааны ордон болон Намсан цамхаг зэрэг дурсгалт газруудыг сонирхуулав.