Өвөрхангай аймгийнхан МҮХАҮТ-тай хамтран Хөрөнгө оруулалтын чуулганаа хийлээ
Өвөрхангай аймгийнхан Хөрөнгө оруулалтын чуулганаа гурав дахь удаагаа зохион байгуулж байна.
Хөрөнгө оруулалтын чуулганы талаар тус аймгийн Засаг дарга И.Доржсүрэн хэлэхдээ “Энэ удаагийн арга хэмжээг МҮХАҮТ-тай хамтран Улаанбаатар хотод зохион байгуулж байна. Энэ хүрээнд бизнес эрхлэгч, аж ахуй нэгж, хувийн хэвшил, компаниудын мэдээллийг харилцан солилцоод, тэр чиглэлийн аж ахуй нэгж, компаниудаа арга хэмжээндээ урьж оролцуулах тал дээр хамтарч байна. Цаашид ч зарим судалгаа, тооцоог хийх чиглэлээр МҮХАҮТ-тай үргэлжлүүлэн хамтарна” хэмээлээ.
Тус чуулганаас хоёр үр дүн хүлээж буй бөгөөд нэгдүгээрт ирээдүйд төлөвлөж байгаа томоохон мега төслүүд дээр хөрөнгө оруулалт хайх. Нөгөө талдаа зам, дэд бүтцийг сайжруулснаараа жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг бүтээгдэхүүн болгож, боловсруулах үйлдвэр байгуулах чиглэлээр хөрөнгө оруулалт олох юм.
Ингэснээр орон нутгийн аж ахуй нэгжүүдийн тоог олшруулж, ажлын байр, хүн амынхаа тоог нэмэгдүүлж, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилготой.
Хөрөнгө оруулалтын чуулганы үеэр Говийн бүсийг гадаргын усаар хангах Орхон онги төслийн техник эдийн засгийн үндэслэлийг танилцууллаа. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар шинэ Хархорум хот байгуулах шийдвэр гараад, Бүтээн байгуулалтын асуудал хариуцсан Төрийн захиргааны байгууллага байгуулагдаад ажилдаа орж байгааг дуулгалаа.
Түүнчлэн чуулганаар төвийн бүсийн эрчим хүчний уналтыг багасгах зорилгоор Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Баянтээгийн нүүрсний уурхайг түшиглэсэн 40 мегаваттын цахилгаан станц байгуулах гэх мэт томоохон төслүүдийн ажлын ТЭЗҮ-г хөрөнгө оруулагч нарт танилцуулсан юм.