ЕСБХБ-ны санхүүжилт болон зөвлөх үйлчилгээг танилцуулах уулзалт боллоо
“МҮХАҮТ-ын гишүүн байгууллагууд, бизнес эрхлэгчдийн зүгээс бизнесийн үйл ажиллагаагаа өргөтгөх, шинээр бизнесээ эхлүүлэхэд санхүүгийн бүтээгдэхүүний хүртээмжийн талаар, олон улсын зээл, тусламж, төсөл хөтөлбөрт хэрхэн хамрагдах талаар, нэн ялангуяа бага хүүтэй, ногоон зээл, томоохон төслийн санхүүжилтийн талаар мэдээлэл хүсэж, бидэнд ханддаг” хэмээн МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин өнөөдөр /2024.04.03/ зохион байгуулагдсан ЕСБХБ-ны үйл ажиллагаатай танилцах арга хэмжээний үеэр хэлсэн нээлтийн үгэндээ онцоллоо.
ЕСБХБ-ны холбогдох албан тушаалтан, банкирууд үйлдвэрлэл, үйлчилгээ, хөдөө аж ахуй, үл хөдлөх хөрөнгө, аялал жуулчлал, мэдээллийн технологи, дэд бүтэц, уул уурхай зэрэг салбарын санхүүжилтийн хэрэгслүүдийн талаар мэдээлэл хүргэж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зөвлөгөө мэдээлэл өгсөн уг арга хэмжээ МҮХАҮТ-ын Их танхимд болсон бөгөөд ЕСБХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Ханнес Такач, тус банкны тэргүүлэх банкир С.Баасансүрэн, тэргүүлэх банкир Б.Төгөлдөр, дэс банкир Ц.Хангай, дэс банкир Г.Түвшинжаргал, шинжээч Д.Дэмбэрэлмаа, Б.Буянбат зэрэг албан хаагчид оролцсон.
ЕСБХБ жижиг, дунд бизнесийг улс орны урт хугацааны эдийн засгийн өсөлтийн чухал хүчин зүйл гэж үздэг учир энэ чиглэлд зээл, санхүүжилт олгох ажилд анхаарахаас гадна бизнесүүдийг хөгжүүлэх, өргөжүүлэх, дэмжих зорилготой төрөл бүрийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг юм. Энэ хүрээнд ЕСБХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Ханнес Такач дэлгэрүүлж ярихдаа “Зээл, санхүүжилтыг аль болох олон салбарт үр дүнтэй байдлаар ашиглах боломжууд бий. Уул уурхайн салбараас хэт хамаарах Монгол Улсын эдийн засгийг солонгоруулах ажилд ЕСБХБ урт хугацаанд хамтран ажиллаж, дэмжих түнш нь байх болно” гэлээ.