ГЕРМАН УЛСАД АЖИЛЛАНГАА МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДАХ БОЛОМЖ
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин ХБНГУ-ын Тюринген мужийн Эрфурт хотын Худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч Ноён Баухаус Дитер, Ерөнхий захирал Хатагтай Дк. Hаасэ-Лерх Корина, дэд ерөнхийлөгч Хатагтай Буус-Жон Колетт, дэд ерөнхийлөгч Ноён Шлегэл Юрген, ФАВ-Сервис, гүйцэтгэх захирал (FAV-Service gGmbH) Ноён Шулер Хайко болон бусад Танхимын төлөөлөгчид, бизнес эрхлэгчдийг хүлээн авч уулзлаа.
Ерөнхийлөгч Д.Энхтүвшин МҮХАҮТ-ын бүтэц, хуулийн шинэчлэлтийн талаар танилцуулж, ХБНГУ-ын туршлага, бүтцийг жишиг болгож ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн хүний нөөц бэлтгэх хосмог сургалтыг дэмжих, хувийн хэвшлийг төлөөлөх тал дээр төрийн байгууллагуудтай хамтарч ажиллаж, эдийн засгийн салбарын урт хугацааны бодлогыг гаргахад оролцож, төр засгийн өөрчлөлтөөс үл хамааран баримталж байдаг урт хугацааны институт болгохоор ажиллаж байгаагаа дурдлаа.
ХБНГУ-ын Тюринген мужийн Эрфурт хотын Худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч Ноён Баухаус Дитер хүлээн авч уулзсанд талархаад ХБНГУ-ын ХАҮТ-ыг танилцууллаа. Герман улсын ХАҮТ нь DIHK төвтэй, 200 жилийн түүхтэй, 79 бие даан ажилладаг танхимтай, заавал гишүүнчлэлтэй байгууллага юм. Мөн Танхимын бүтцийг шинэчлэх, туршлага солилцоход бүхий л талаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.
ФАВ-Сервис, гүйцэтгэх захирал (FAV-Service gGmbH) Ноён Шулер Хайко болон Хөгжил Төвийн Захирал С.Гантөр нар мэргэшсэн ажилтныг Герман улсад, бэлтгэх цаашид Германд ажиллуулах зорилготой ФАВ-Сервис ТББ/Хөгжил төвийн үйл ажиллагааг танилцууллаа.
Герман хэлний B2 түвшинтэй, 18-26 насны залуусыг бүхий л чиглэлд зуучлалын хөлс авахгүйгээр Герман Улсад ажиллуулж, сургадаг байгууллага юм. Онцлог нь хувийн хэвшлийн ААН-үүд өөрсдийн хэрэгтэй мэргэжилтнээ сургахаар захиалгыг өгч харин ФАВ-Сервис, ХАҮТ-үүд үүнийг дэмжин 200-300 төрлийн хосмог сургалтыг хэрэгжүүлж ажилладаг байна. ААН-ийн салбаруудын бүхий л төрлүүдийг багтаасан судалгааг явуулж байгууллагын ажилтнуудыг нарийн шалгаруулах явцын дагуу сонгон компаниудад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтнүүдийг бэлтгэдэг.
Хоёр талын уулзалтаар мэргэжил дээшлүүлэх сургалтад хамтран ажиллахаар тохиролцож, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин “Энэхүү сургалтаар эзэмшсэн ноу-хау, ур чадвар эргээд Монгол Улсад хөрөнгө оруулалт болж орж ирнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээгээд цаашид хамтын ажиллагаа нягт үргэлжлүүлэхээр тохиролцлоо.