МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин Бүгд найрамдах Куба улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд эрхэмсэг ноён Хорхе Феррер Родригесийг хүлээн авч уулзлаа
2023 оны 11-р сард танилцах уулзалтыг хийж байсан бол энэ удаад илүү нарийн асуудлаар ажил хэрэгч үр дүнтэй уулзалт боллоо.
Элчин сайд Хорхе Феррер Родригес Куба улсад энэ оны 11-р сарын 5-9-ны хооронд зохион байгуулагдах Карибын тэнгисийн, Латин Америкийн хамгийн том үзэсгэлэнгийн нэг болох Хойд Америк, Латин Америк, Африк, Ази, Европын 60 гаруй орны 800 орчим бизнес эрхлэгчид оролцдог Хаванагийн олон улсын үзэсгэлэнг танилцуулж, МҮХАҮТ-ыг бизнес эрхлэгчдийн хамт оролцохыг урилаа. Түүнчлэн жил бүрийн 5-р сарын эхний долоо хоногт зохиогддог Кубийн Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн, 6-р сар зохиогдох ЭкспоКариб олон улсын үзэсгэлэнгүүдийн талаар мэдээлэл хүргүүллээ.
Мөн Монгол Улстай хамтын ажиллагаа хөгжүүлэх боломжтой салбаруудаар мал аж ахуй, бордоо үйлдвэрлэл, био хими, эм, эмнэлэг, аялал жуулчлалыг нэрлээд эдгээр салбарын хамтарсан үйлдвэр байгуулах, Монголд технологийг нутагшуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Уулзалтаар хамтын ажиллагааг эрчимжүүлэх, тодорхой салбаруудын түншлэлийн байгуулах үүднээс ойрын хугацаанд “Куба улстай хамтарч ажиллах боломж, эдийн засаг, худалдаа, хамтын ажиллагаа”-ны танилцуулах уулзалтыг хамтран зохион байгуулахаар боллоо.
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин дээрх үзэсгэлэнгүүдэд оролцох сонирхолтой байгаагаа дурдаад хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн идэвхжүүлэхээ илэрхийллээ.