МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбооны төлөөлөлүүдтэй уулзлаа
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин, МББСБХолбооны ерөнхийлөгч З.Алтанзул болон МББСБХ-ны УЗ-ийн төлөөлөлүүдтэй уулзаж, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, банк бус санхүүгийн байгууллагын салбарыг дэмжих, хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Банк бус санхүүгийн байгууллагын чиглэлээр 500 гаруй байгууллага үйл ажиллагаагаа явуулдаг ба МББСБХ нь эдгээр байгууллагуудын нийтлэг эрх ашгийг төлөөлөн үйл ажиллагаагаа явуулдаг юм. Түүнчлэн МББСБХолбооны гишүүд нийт салбарын хүний нөөцийн 77.5%, харилцагчдын 93.3%, зээлийн 83.3%-ийг бүрдүүлж байна.
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин ХАҮТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар дамжуулан хувийн хэвшил эвлэлдэн нэгдэж, эрх ашгиа хамгаалах тогтолцоог сайжруулах шаардлагатай байгааг онцолсон ба МББСБХ-ны төлөөллүүд ч мөн адил санал нэгдсэн юм.
Цаашид МҮХАҮТ, МББСБХ хамтран ажиллаж, банк бус санхүүгийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах, гишүүн компаниудын хүний нөөцийг чадавхжуулах, шаардлагатай мэдээ мэдээллээр хангах чиглэлээр хамтран ажиллахаар санамж бичиг байгууллаа.