МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин болон мэргэжлийн холбоодын төлөөллүүд УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзаж санал солилцлоо
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин болон мэргэжлийн холбоодын төлөөллүүд УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзаж Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, түүний үр дүн, цаашид анхаарах асуудлын талаар санал солилцлоо.
Уулзалтаар цар тахлын улмаас үйлдвэрлэгчид, аж ахуйн нэгжүүдийн борлуулалт буурч, экспорт, импорт хязгаарлагдан, үйлдвэрлэл багассаны улмаас ажлын байр цомхотгогдоход хүрч байна. Иймээс зээл, зээлийн хүүгийн хэмжээ, эргэн төлөлтөд учирч буй хүндрэл, ипотекийн зээлийн хэмжээг нэмэгдүүлэх зэрэгт арга хэмжээ авах саналыг УИХ-ын дарга Г.Занданшатарт уламжиллаа. Мөн 5-р сарын 1-нийг Ажлын байрны өдөр болгон зарлаж, хувийн хэвшлийг тайван жагсаалд уриалж буйгаа мэдэгдлээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар Санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай УИХ-ын тогтоол батлагдсан тул 5 сарын 1-ний жагсаалаа цуцлахыг санал болгов.
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин "Хувийн хэвшлийн дуу хоолойг сонсч тогтоолыг яаралтай горимоор баталж байгаад УИХ-д нийт бизнес эрхлэгчдийнхээ өмнөөс талархал илэрхийлье. Гэхдээ бид ажлын байрыг хадгалж, ажил олгогчдыг дэмжиж 500 гаруй аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид тэдний ажилтнуудыг хамруулсан цахим жагсаалыг өвөрмөц, шинэлэг хэлбэрээр 5 сарын 1-нд зохион байгуулж дуу хоолойгоо хүргэнэ. Төр хувийн хэвшил хамтарч байж эдийн засгийн эрсдлийг хохирол багатай даван туулна" гэлээ.