МҮХАҮТ болон “Хүүхдийг Ивээх Сан” харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
МҮХАҮТ болон “Хүүхдийг Ивээх Сан” Save the Children in Mongolia орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох төслийн үйл ажиллагааг дэмжин ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
“Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төсөл нь Монгол Улсын ажилгүйдлийн түвшин хамгийн өндөр 5 аймгийн 25 суманд оршин суугаа 14-25 насны нийт 6000 гаруй хүүхэд залуучуудыг хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн болон ирээдүйн хувьсан өөрчлөгдөж буй эрэлтэд нийцсэн өрсөлдөх чадвартай залуу боловсон хүчнийг бэлтгэх нь тус төслийн зорилго юм. Тус төсөл нь Сүхбаатар, Говьсүмбэр, Өвөрхангай, Ховд, Завхан аймгийн алслагдсан 25 суманд 2019-2023 он хүртэл 4 жилийн хугацаанд зохион байгуулан ажиллах юм.
Уг төслийн зорилт нь:
- Орон нутгийн оролцоотой шинэлэг хэлбэрийн хувь хүний ур чадвар болон энтрепренершип сургалтын хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх
- Хөтөлбөрөөс сурсан мэдлэгээ бодитоор туршихад нь дэмжлэг үзүүлэн, өсвөр үеийнхний боловсруулсан бичил төслийг санхүүжүүлэх
- Төслийн үр дүнтэй хэрэгжилт, тогтвортой байдлыг хангах орон нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлж, гарсан үр дүнг түгээн дэлгэрүүлэх
МҮХАҮТ болон Хүүхдийг Ивээх Сан хамтран ажилласнаар зорилтот орон нутаг дахь хүүхэд залуучуудыг хувийн хэвшлийн компаниудтай холбон зуучлах, бизнесийн зөвлөн туслах хөтөлбөр хэрэгжүүлэх, бичил төслийн багуудад чиглүүлэг, зөвлөгөө өгөх, үзэсгэлэн худалдаа, ач холбогдолтой арга хэмжээнд хамруулах боломжууд энэхүү хамтын ажиллагааны хүрээнд нээгдэж байгаад харилцан дэмжин ажиллахаа илэрхийллээ.