Монголд Солонгосын хөдөө аж ахуй, далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн импортлогч байгууллагуудын холбоо байгуулагдлаа
Далайд гарцгүй ч манай улсын иргэдийн дунд далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгдэж буй. Харин тэдгээр бүтээгдэхүүнийг найдвартай газраас, баталгаатай нөхцөлд импортлох нь чухал.
Далайн гаралтай хүнсний импортыг нэмэгдүүлэх, энэ чиглэлээр хамтарч бизнес эрхлэх сонирхолтой хүмүүсийг холбох зорилгоор Монголд Солонгосын хөдөө аж ахуй, далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн импортлогч байгууллагуудын холбоо байгуулагдаж, анхны хурлаа өнөөдөр хийлээ. Уулзалтад CU буюу Сентрал Экспресс ХХК, Скай Хайпермаркет, МК Trans World LLC зэрэг Солонгосоос далайн бүтээгдэхүүн оруулж ирдэг 15 ААН оролцов.
МҮХАҮТ-ын орлогч дарга Б.Намжилсүрэн уг уулзалтыг нээж үг хэлсэн бөгөөд энэ төрлийн бизнесийн боломж гарцыг нэмэгдүүлэх, БНСУ-аас ХАА-н болон далайн гаралтай бүтээгдэхүүний эскпортыг дэмжсэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд МҮХАҮТ бүх талаар дэмжиж, хамтарч оролцохоо мэдэгдлээ.