“НҮБ75” санаачилгад хувийн хэвшлийн саналуудыг хүргүүллээ
НҮБ байгуулагдсаны 75 жилийн ой 2020 онд тохиож байгаатай холбогдуулан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга “НҮБ-75” хэмээх санаачилгыг эхлүүлээд байгаа юм. Энэ хүрээнд “Хүсч буй ирээдүйгээ хамтдаа бүтээн байгуулъя” уриан дор дэлхийн өнцөг булан бүрт олон талт хэлэлцүүлгүүд өрнөж, ирэх 25 жилийн дүр зургийг тодорхойлох үйл явц үргэлжилж байна.
Үүнтэй холбогдуулан МҮХАҮТ, НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагчийн газар хамтран “НҮБ-75 САНААЧИЛГА: 2020 ОН БА ИРЭЭДҮЙ” хувийн хэвшлийн салбарын байгууллагуудын уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулсан.
Монгол Улсын хувьд боловсрол, эрүүл мэнд, ядуурал, тэгш бус байдал, мөн мэдээллийн технологийн хөгжлийн сөрөг үр нөлөө, байгалийн нөөцийн тэгш бус хуваарилалт, байгаль орчны доройтол, хүнсний аюулгүй байдал зэрэг нь тулгамдаж буй гол бэрхшээлүүд болж буйг онцолсон. Иймээс боловсролын системийг шинэчлэх, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, жижиг дунд бизнес, экспорт, инновацийг дэмжихэд НҮБ-ийн төсөл хөтөлбөрийг илүү чиглүүлэх хэрэгтэйг онцолсон юм.
Мөн дэлхий нийтээр тархаад буй “Ковид-19” цар тахлын улмаас үүссэн хүндрэл бэрхшээлээс гарахад шинэ шийдэл технологи, инноваци чухал учраас энэ чиглэлийн хөрөнгө оруулалтын дэмжлэг, урамшууллын бодлого хувийн хэвшилд нэн шаардлагатай байна гэв.
Хувийн хэвшлийнхэний хувьд эдийн засгийн өсөлт дэх оролцоо, татвар төлөлтөөрөө дамжуулан нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулдаг. Харин улсын төсвийг зөв оновчтой зарцуулж хэрэгтэй зүйлд хөрөнгө оруулалт хийдэг байх, ил тод байх нь маш чухал гэж үзэж байгаагаа оролцогсод илэрхийлсэн.
Хувийн хэвшлийнхэн хамтарч органик, эко бүтээгдэхүүний нэгдсэн маркетинг сурталчилгааг хийх замаар экспортыг нэмэгдүүлж эдийн засгийн өсөлтөнд хувь нэмрээ оруулах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, ногоон техник технологийг нэвтрүүлэх, хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр идэвх санаачилгатай ажиллаж оролцоогоо нэмэгдүүлэх боломжтой гэсэн саналуудыг гаргаж хүргүүллээ.