Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан ажлын хэсгийн анхдугаар зөвлөлдөх уулзалт болов
Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан ажлын хэсгийн анхдугаар зөвлөлдөх уулзалтыг 2020 оны 10 дугаар сарын 5-ны өдөр цахим хэлбэрээр амжилттай зохион байгуулав.
Уулзалтын үеэр талууд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан ажлын хэсгийн ажлын төлөвлөгөөг зарчмын хувьд тохиролцож, хамтарсан судалгаа боловсруулах хүрээнд холбогдох мэдээллийг харилцан солилцох асуудлаар нэгдсэн шийдэлд хүрэв.
Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх үүднээс Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах Хамтарсан ажлын хэсгийг байгуулах саналыг монголын тал 2016 оноос тавьсан. Үүний үр дүнд Евразийн эдийн засгийн комиссын Зөвлөлийн 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаар Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан судалгааны Ажлын хэсэг байгуулах асуудлыг дэмжсэн шийдвэр гарсан.